Багш нар хүүгүй, урьдчилгаагүй байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-25 12:05:40
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын удирдлагууд ЕБ-ийн сургуулийн багш нарыг хүүгүй зээлээр, урьдчилгаагүй төлбөргүйгээр байртай болох шийдвэрийг гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногт багш нарын түр хороо байгуулагдан, цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж улс даяар нэлээд дуулиантайхан байлаа.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын удирдлагууд боловсролын байгууллагын ажилчдынхаа амьдрал ахуйд нэмэр болох зорилгоор шат дараатай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа аж. Энэ удаа удахгүй болох багш нарын өдрийг угтан нэгэн бэлгийг багш нартаа барьжээ. Энд боловсролын байгууллагад ажиллаж байгаа дөрвөн хүнд “Сэлэнгэ-25” орон сууцнаас 5 жилийн хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, сар бүр тогтмол зээл төлөх журмаар шинэ байр олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн хоёр багшид байрны түлхүүрийг нь гардуулан өгчээ. “Сэлэнгэ-25” орон сууц нь Сэлэнгэ аймгийн удирдлагуудаас санаачлан өөрийн аймгийн барилгын компаниудынхаа үйл ажиллагааг дэмжиж, аймагтаа үйлдвэрлэсэн дотоодын бүтээгдэхүүнээр сумдыг төвлөрсөн нийтийн байртай болгох зорилгоор баригдаж байгаа байр юм. Одоогоор тус барилга нь Цагааннуур, Ерөө, Шаамар, Баянгол зэрэг сумдад баригдаад байгаа юм.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ