Гизагийн пирамид дотор танхим байж болзошгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2015-11-10 11:14:39

КАИР. /Geekwire/. Египетийн Гизагийн аугаа пирамид дотор хачирхалтай зүйл байгааг дулаан мэдрэгч төхөөрөмжөөр илрүүллээ гэж эртний тус байгууламжийг судалж байгаа олон улсын баг мэдэгдэв. Энэ нь хамгийн том пирамид дотор үл мэдэгдэх танхим байж болзошгүй гэсэн үг юм.

Хэт улаан туяаны дулааны дүрсийг хүлээн авах төхөөрөмж ашигласан судалгааны үр дүнг танилцуулахаар судлаачдын баг өчигдөр Египетийн нийслэл Каир хотын ойролцоо орших Гиза хотын Хуфу пирамидад хэвлэлийн бага хурал хийжээ.

Египет, Япон, Франц, Канадын судлаачдаас бүрдэх баг 10 дугаар сарын сүүлээр “Пирамидуудыг сканирдах” төслийг эхлүүлсэн байна.

Дэлхийн хамгийн том Хуфу пирамид нь 4500 жилийн настай бөгөөд 140 метр өндөр юм.

Пирамидын зүүн хэсгийн доод талд Цельсийн зургаан хэм хүртэл дулаан ялгаруулсан хачирхалтай зүйл байна гэж судлаачид мэдэгджээ. Дахин шинжилгээ хийх  шаардлагатай гэж Каирын их сургуулийн профессор Хани Хелал мэдэгдсэн боловч төхөөрөмжид илэрч байгаа хоосон зай нь үл мэдэгдэх танхим байж болох юм гэжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ