Хөвсгөлийн соёлын ажилтнууд "Алунгоо" эхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-27 16:12:45
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол улсад соёл урлагийн ажилтнуудын 24 дэхь  өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд нээлттэй хаалганы өдрийг Чандмань-Өндөр суманд зохион байгуулж Ариг уснаа мэндэлсэн Алунгоо эхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
"Монголын нууц товчоо"-нд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх юм. Тэрбээр монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий. Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж  манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг. 1992 онд Алунгоо хатанд зориулж, 3 м өндөр хөшөөг Аригийн голын өмнө  этгээдийн  Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Чандмань-Өндөр сумын соёлын төв 2016 онд аймагтаа ажлаараа шилдэгээр шалгарсан учраас соёлын ажилтнууд үйл ажиллагаатай нь танилцаж туршлага судлан  угийн бичиг хөтлөх арга зүй, ёс зүй, цахим гадуурхал зэрэг сэдвээр сургалтанд хамрагджээ. Мөн энэ үеэр гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж Чандмань-Өндөр сумын иргэдтэй хамтдаа дуулж бүжиглэн соёл урлагийн ажилтны өдрөө тэмдэглэжээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ