Эдийн засгийн ямар ч шахалт Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсооход хүргэхгүй гэжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-02 09:45:12
ВАШИНГТОН. /ТАСС/. Эдийн засгийн ямар ч шахалт Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсооход хүргэхгүй гэж Америкийн тагнуулын байгууллагууд тус улсын удирдлагад анхааруулж байгаа тухай АНУ-ын Конгрессын Сенатын гадаад харилцааны хорооны дарга Боб Коркер мэдээлжээ.
 
ОХУ-ын ТАСС агентлагийн мэдээлснээр, "Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөрөө амьд гарах арга зам хэмээн үздэг учраас БНАСАУ-ыг уг хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэх тйим эдийн засгийн шахалт огт байхгүй хэмээн манай тагнуулын бүх байгууллага хэлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон ойлгож байгаа байх” гэж сенатч Боб Коркер телевизийн NBC сувагт ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна.
 
Гэхдээ АНУ-ын засаг захиргаа энэ хямралыг зохицуулахад чиглэсэн дипломат хүчин чармайлтаа идэвхжүүлэх ёстой гэж Америкийн хууль тогтоогч үзэж байгаа аж.  
 
Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Twitter хуудастаа АНУ болон БНАСАУ-ын хооронд яриа хэлэлцээ өрнүүлэхийн эсрэг байгаагаа бараг л илэрхийлж, энэ талаар хүчин чармайлт тавьж цаг алдахгүй байхыг Рекс Тиллерсонд зөвлөсөн байна.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ