Баян-Өлгийд 11 мянга гаруй иргэн газар өмчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар тус аймгийн 11842 хүн эзэмшил газраа өмчилж авчээ.
Энэ нь нийт хүн амын 11,9 хувь юм. Өмчлүүлсэн газрын хэмжээ 1335,8 га байна. Газар өмчлөх ажилд Өлгий сумын иргэд хамгийн идэвхтэй оролцож байгаа аж. Одоогоор тус сумын 6470 хүн эзэмшил газраа өмчлөлдөө авсан бол удаах байруудад Цэнгэл /895/, Бугат /757/, Баяннуур /605/, Улаанхус /577/ сумд оржээ. Харин Буянт сум хамгийн сүүлийн байрт явж байгаа бөгөөд 111 иргэн газар өмчилжээ.
Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх ажил 2007 оноос эхэлсэн бөгөөд хуулийн хугацаа нь 2018 оны 5 дугаар сараар дуусгавар болох аж. Тус хуулиар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар аймгийн төвд 0,35 га, сум, тосгонд 0,5 га, нийслэлийг аймагтай холбосон улсын чанартай авто замын дагуух газарт 0,07 га хүртэл газрыг өмчлүүлэхээр заасан юм.
Ө.Нурболат