Нурангиас эрэн хайх, аврах дадлага сургуулийн бэлтгэлийг хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Шадар сайдтай байгуулсан гэрээний дагуу тус аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах юм.
Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ирж ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулах ажээ.
Өнөөдөр уг сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангалаа. Мөн газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургууль, МСҮТ-ийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдад зохион байгууллаа.
Аймгийн Онцгой байдлаас өгсөн мэдээллээр тус сургалтад 700 гаруй оюутан, сурагч хамрагдсан байна.
Ө.Нурболат