Төвийг сахих бодлого нь Монголын хөршийн харилцаанд нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-11 11:24:38

БЭЭЖИН. /Globaltimes/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Өнгөрсөн есдүгээр сард Ц.Элбэгдорж, Монгол байнга төвийг сахисан байр суурьтай байна гэж мэдэгдсэнээр БНХАУ болон ОХУ-ын дунд хавчигдсан тус улс олон улсын анхаарлыг татсан билээ.

Ц.Элбэгдоржийн айлчлалыг учир битүүлэг болгоход түүний мэдэгдэл зайлшгүй хувь нэмрээ оруулсан юм. Тэрбээр улсынхаа энэ шинэ статусаа БНХАУ-ын даргад нэг бүрчлэн танилцуулна гэж олон нийт үзэж байна.

БНХАУ болон Монгол түүхэн хэлхээ холбоотой. Хэдэн арван жил сэргэлт, уналтыг туулсан хоёр орон эцэстээ энх тайвнаар, харилцан хөгжих үе шатанд холбогдсон билээ. БНХАУ нь олон жилийн турш Монголын экспортын хамгийн том зах зээл болон гадаадын хөрөнгө оруулагчдын эх үүсвэр болж байгаа бөгөөд Монгол бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг БНХАУ руу гаргадаг. 2020 он гэхэд хоёр орны худалдааны эргэлт 10 тэрбум долларт хүрнэ гэж төлөвлөж байна.

Геополитикийн тоглоомд Монгол эрчимтэй оролцож байна. 1990-ээд оны үед дэлхийн улс төрийн уур амьсгал эрчимтэй өөрчлөгдсөний дараа Монгол Улс гадаад бодлогоо өөрчилж, хүйтэн дайны хуучирсан сэтгэлгээг прагматизмаар шинэчилсэн. Монголын төвийг сахих эрмэлзэл нь тус улсын удирдагчийн зүгээс харж буй бодит байдал байж ч болох юм.

БНХАУ болон ОХУ нь Монголын хувьд хамгийн нөлөө бүхий орнууд юм. Төвийг сахисан ч бай, сахиагүй ч бай Монгол Улс хоёр том хөршийнхөө оролцоогүйгээр хөгжихгүй. БНХАУ болон ОХУ-аас өөр оронтой харилцаа тогтоох зорилготой Монголын гуравдагч хөршийн бодлого тус улсын газарзүйн байрлалын бодит байдлаас болж хүссэн зорилгодоо хүрч чадаагүй.

Дэлхийн хүчирхэг орнуудын сөргөлдөөнд оролцохгүй байх нь ээлтэй гэдгийг Монгол ойлгожээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс БНХАУ болон ОХУ-тай харилцан сайн, тэгш нөхцөлтэй урагшилж байгаа нь олон улсын зах зээлээс эдийн засгийн ихээхэн ашиг шимийг хүртэх үед гарч буй саад тотгорыг даван гарахад чухал ач холбогдолтой юм. Монгол хөгжлийн хялбар орчин бүрдүүлэх зорилго тавьж, олон улсын хамтын нийгэмлэгт илүү чухал үүрэгтэй оролцох, жишээ нь, олон улсын байгууллагуудын төв сүлжээ болохыг эрмэлзэж байгаа бөгөөд эдгээр тодорхой нөхцөлийн хүрээнд дэлхийн улс төрийн үйл хэрэгт оролцох эрхээсээ татгалзаж байна.

Хэрвээ Монгол Улс төвийг сахих бодлогоо амжилттай хэрэгжүүлж чадвал уг бодлого тус улсын хүссэн давуу талыг өгөх болно. Монгол төвийг сахисан улс гэж хүлээн зөвшөөрөгдөхөд олон улсын хамтын нийгэмлэгийн зөвшөөрөл шаардлагатай. Улсынхаа хөгжил цэцэглэлт болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийгмийн сайн сайхны төлөө төвийг сахих бодлогыг хэрэгжүүлж байгаа гэсэн амлалтаа Монгол биелүүлэх ёстой. Гадны нөлөөтэй зарим орон уг бодлогыг геополитик эсвэл хүчирхэг орнуудын тоглоом болгон ашиглахгүй байх нь зүйтэй гэж “Global Times”-ийн сэтгүүлч Лю Жунь бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ