"Хэргийн газар" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-16 10:55:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ, Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ -өөс “ХЭРГИЙН ГАЗАР” нэгдсэн арга хэмжээг санаачлан өнгөрсөн баасан гаригт ажлаа эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг хангах зорилготой бөгөөд  улирал тутамд зохион байгуулснаар дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их гэмт хэрэг, зөрчил гардаг тухайн хэсэгт хүрч бодит арга хэмжээг авч ажиллах боломж бүрдэх юм.
Хан-Уул дүүргийн ИТХ, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн ИТХ-ын цахим мэдээллийн хуудаст “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдээлэл оруулсан иргэний мөрөөр ажиллав.
Уг мэдээлэлд "Буянт-Ухаа-1" хорооллын авто замд гарсан ослын талаар болон цаашид тухайн замд осол аваар гарахгүй байх тал дээр дүүргийн удирдлага болон холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллана уу" хэмээн тус хорооны иргэн Б.О хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр "Буянт-Ухаа-1" хорооллын урдах авто замд холбогдох албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл очиж, хамтарсан арга хэмжээ авсан юм. Энэ оны 
10 дугаар сарын байдлаар Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Иймд цаашид эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүднээс Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Буянт-Ухаа- 1" хорооллын урд замд хурд сааруулагч тавьжээ.  Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санхүүжүүлж Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран "Буянт-Ухаа 1" хорооллын урдах авто зам дээр тээврийн хэрэгслийн хурд сааруулагч, анхааруулга таних тэмдэг, явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан босоо хайсыг зорчих хэсгийн урд, хойд талд байршуулах, резинэн хурд сааруулагч байршуулах, өмнө тавьсан сааруулагчийг засах гэх мэт гэмт хэрэг, ослоос иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ажил хийж байна. Мөн  "Буянт-Ухаа 1" хорооллын явган хүн гарах гарцыг авто зам дээр тэмдэглэсэн явган хүний гарц /цагаан шугам/ -тай харалдаа болгож нүүлгэн шилжүүлэх ажлыг "Буянт-Ухаа-1" хорооллын оршин суугчдын эрх ашиг, амь насыг хамгаалахын төлөө гүйцэтгэхээр болсон байна. "Хэргийн газар" ажиллагаа бүтэн жил үргэлжилнэ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ