Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талын хэлэлцээрийг авч хэлэлцэх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Даваа гарагт Люксембург хотод болох Европын Холбооны гишүүн 28 орны гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцэх гол сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талын хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал байх ажээ гэж ТАСС агентлаг уламжлав.
Уг уулзалтын өмнөхөн Европын Холбооны төлөөлөгч Брюссельд сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийхдээ “Гадаад хэргийн сайд нар Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлнэ. Гадаад хэргийн сайд нар "Тегераны хэлцлийг эргэж харах боломжгүй. Нэгэнт байгуулсан хэлэлцээр нь дахин яриа хэлэлцээний сэдэв болох ёсгүй, болох ч үгүй" гэсэн мэдэгдэл гаргах төлөвтэй байна” гэж тэмдэглэсэн юм.
АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад зэрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улсууд болон Герман улс Ираныг оролцуулан зөвшилцөж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой уг хэлэлцээрийг 2015 оны 7 дугаар сард байгуулсан юм. Энэхүү хэлэлцээрийн дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ, Европын Холбооноос Ираны эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлаж, хариуд нь Тегеран цөмийн хөтөлбөрөө хязгаарлаж, олон улсын хяналтад оруулах үүрэг хүлээсэн юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж мэдэгдээд байгаа билээ.
Э.Аянзаяа