Хурд сааруулагчийн тэмдэглэгээг зориулалтын будгаар сэргээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-17 16:03:33
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв дэх авто замуудын хурд сааруулагчийн тэмдэглэгээг зориулалтын будгаар сэргээж байна.
“Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр термопластик будгийн машин худалдан авснаар дээрх ажлыг төвөггүй гүйцэтгэж байгаа юм. Хурд сааруулагчууд элэгдэж, зарим газраа хагарч эмтэрсэн нь анх хийхдээ будаг нимгэн зузаан түрхсэнтэй холбоотой аж. Үүнийг засварлахын тулд  багагүй цаг, хөдөлмөр зарцуулж байгааг гүйцэтгэгч компанийнхан ярьж байна.
“Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Сүхбаатар: “Термопластик будаг нь хуурай нунтаг, зориулалтын төхөөрөмжид 200 гардуст халж, шингэн төлөвт шилждэг, тогтоц удаан, замын тэмдэглэгээний зориулалтын будаг юм. Дорнод аймагт замын тэмдэг, тэмдэглэгээ хийдэг компани байдаггүй учир заавал тендер зарлаж засвар, сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай болдог байсан. Орон нутгаас энэхүү төхөөрөмжийг шийдвэрлэж өгснөөр  одоо манай компани өөрсдөө хийх бүрэн боломжтой боллоо” гэв.
Дорнод аймгийн төвд 19 байршилд хурд сааруулагч бий.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ