Цус харвалтаас сэргийлэх мэдлэг олгох аян эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ “Тархины цус харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан иргэдэд мэдээлэл өгөх 14 хоногийн аяныг аймгийн ЭМГ, БОЭТ-тэй хамтран зохион байгуулж байна.
Аяны хүрээнд харвалтын анхны шинж тэмдэг, харвалтад хүргэх шалтгаан, түүнээс сэргийлэх талаар хүн амд тодорхой мэдээлэл өгч, эрүүл амьдрах арга барилд сургах, эрсдэлээ өөрсдөө үнэлэх, хянах чадварыг эзэмшүүлэх талаар сургалт явуулж, гарын авлага тараах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Аяны хүрээнд харвалтын анхны шинж тэмдэг, харвалтад хүргэх шалтгаан, түүнээс сэргийлэх талаар хүн амд тодорхой мэдээлэл өгч, эрүүл амьдрах арга барилд сургах, эрсдэлээ өөрсдөө үнэлэх, хянах чадварыг эзэмшүүлэх талаар сургалт явуулж, гарын авлага тараах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Тус аян нь энэ сарын 16-29-ний өдрүүдэд 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Эхний ээлжинд ”Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 40-өөс дээш насны буюу зорилтот бүлгийн иргэдэд эмч, мэргэжилтнүүд, эм зүйч нар хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6,5 сая хүн нас барж, 26 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа юм. Манай улсын хувьд 100 мянган хүн тутамд 290 цус харвалт тохиолдож, түүнээс 49 нь нас барж байна гэсэн мэдээлэл бий. Тархины харвалтын 90 хувь нь зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлүүдээс хамаардаг. Тухайлбал өөх тос, давс, архи тамхины хэт хэрэглээ, стресс бухимдал, хөдөлгөөний хомсдол гэх зэргээс болдог. Харвалтын шинж тэмдэг эхэлснээс 3 цагийн дотор эмнэлэгт хандаж чадвал нас баралтаас 80 хувь сэргийлж чаддаг аж. Харин Дорнод аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь цус харвалт гэдгийг сүүлийн гурван жилийн судалгаагаар тогтоожээ. Судалгаанд дурдсанаар, жилдээ 70-80 хүн цус харваж, 10-аад нь хорвоог орхиж, үлдсэн нь хөдөлмөрийн чадвар алддаг гэсэн дүн гарсан байна.
Д.Дэлгэрмаа