“Манлайбаатар” дуулалт жүжгийг МУУГЗ Ч.Найдандорж найруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-18 19:26:10
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ-ын тайзнаа тун удахгүй тавигдах “Манлайбаатар” дуулалт жүжгийн найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж ажиллахаар болжээ. Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн амьдрал, баатарлаг үйлсийн тухай өгүүлэх энэхүү уран бүтээлийг Улс тунхагласны баяраар үзэгчдийн хүртээл болгохоор зорьж, бэлтгэл ажилдаа ороод байна.
Ч.Найдандорж найруулагч өмнө нь тус театрын уран бүтээлчидтэй “Нийгмийн дайсан” жүжиг дээр хамтран ажиллаж байсан удаатай.
Дашрамд онцлоход, Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн нь Хөлөнбуйр нутгийн уугуул, барга монгол хүн байв. Тэрээр Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр баргуудыг толгойлон Нийслэл хүрээнд ирсэн бөгөөд улмаар Гадаад яамны дэд сайдаар томилогдож, 1912 онд Ховдын байлдаанд их цэргээ удирдан орж ялалт байгуулснаар үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдан түүхэнд тод мөртэй үлдсэн хүн юм. Түүнчлэн 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг удирдаж байжээ.
1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Хятадын шоронд амьсгал хураахдаа "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо нас нөгчсөн энэ хүний баатарлаг үйлсийг хүүхэд залуучуудад таниулах, цаашлаад орон нутгийн брэнд уран бүтээл болгохоор тус театрынхан зорьж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ