Цэргийн албанд мордож буй залуусаа хүндэтгэлтэйгээр үдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд үдэн гаргах ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр боллоо. Эрт үеэс цэргийн албанд мордож буй хөвгүүдээ гаргаж өгөхөөр хотол даяараа хөл хөөрцөг болдог байсан өвөг дээдсийн уламжлалтай билээ. Иймээс энэ уламжлалыг сэргээн манай аймаг энэ жилээс эхлэн цэрэгт үдэн гаргах ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болсон юм.
Уламжлал болгон зохион байгуулах тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн цэрэг татлагын товчоо, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Зүүн бүс дэх Онцгой байдлын газрын дарга, аймгийн Цэргийн штабын дарга, 14 сумын цэрэг татлагын товчооны дарга нар оролцлоо.
Мөн Улсын аварга шалгаруулах цэрэгжилт, спортын “Дөл” тоглолтын тусгай байрын шагналт ЕБС-ийн 11 дүгээр сургуулийн Ж.Цэнджав багштай “Елит” багийн сурагчид үзүүлэх тоглолт хийж, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид цэрэг, эх орны сэдэвтэй уран бүтээлээр ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ удаагийн хугацаат цэргийн албанд 14 сумаас 18-25 насны залуус хамрагдаж, тэнцэж татагдсан залуус Улаанбаатар хот, Сүхбаатар аймгийн цэргийн хүрээний анги нэгтгэлүүдэд хуваарилагдсан юм.
Цэрэг татлагын явцын ирц оролцоо өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй, нийт залуусын 35,5 хувь нь цэргийн албанд тэнцжээ. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулбал, 10 орчим хувиар өссөн байна. Мөн залуус бие бялдрын ерөнхий хөгжил сайжирсан, харин дотор, чих, хамар, хоолойн өвчлөл голлож байсан гэж аймгийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Б.Гансүх хэлэв.
Д.Дэлгэрмаа