Багийн ИНХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-19 16:22:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, аймгийн ИТХ-тай хамтран “Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах” сургалтыг Шаргалжуут рашаан сувилалд зохион байгуулахаар болжээ. Ирэх сарын 1, 2-нд болох уг сургалтад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар, багийн ИНХ-ын дарга нар оролцоно.
2013 оноос хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх, төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр үе шаттай сургалтууд явагдаж иржээ. Үүний үр дүнд сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, сургагч багш нарын сүлжээг бий болгосон байна.
Нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон ИТХ, ИНХ-ын зохион байгуулалтын чадавхийг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болгох зорилт бүхий уг төсөл 2017-2020 онд хэрэгжих юм.
                                                                                                                                          Б.Мөнхзул
Холбоотой мэдээ