Богд сум Засаг даргагүй сар гаруй болж байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:55:33

Өвөрхангай аймгийн Богд сум Засаг даргагүйгээр сар гаруй хугацаа өнгөрч байна. Тус сумын засаг дарга С.Мягмарсүрэнг Авилгатай тэмцэх газраас шалгаж улмаар асуудлыг аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн ба аймгийн Засаг даргаас түүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлээд байгаа юм.

Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаасаа түр завсарласан бол орлогч дарга түүнийг орлон ажиллах ёстой. Гэвч уг хэрэгт Богд сумын засаг даргын орлогч В.Баярсайхан давхар холбогдсон учраас одоогоор сумын удирдлагын ажлыг ЗДТГ-ын дарга Н.Түмэнбаяр орлон гүйцэтгэж байна.

Уг асуудлын талаар С.Мягмарсүрэн даргатай холбогдож тодруулахад “Худалдан авах ажиллагаатай холбоотой тендрийн асуудлаар намайг гүтгэсэн. Энэ бол улс төрийн асуудал. Энэ хэргийг шийдэгдсэний дараа би хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж бүрэн хэмжээгээр мэдээлэл өгөх болно” гэлээ.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ