Д.Сарангэрэл: Эмч нарын цалингийн нэмэгдэлд хамгийн эхэнд анхаарал хандуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-19 23:29:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Даваажанцангийн Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд 90.8 хувийн саналаар батламжлав.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Хавдартай хүмүүсийн химийн тариаг төрөөс хариуцдаг. Нэг тариа 1 сая гаруй төгрөгийн үнэтэй. Ийм болохоор төсөв хүрэлцээтэй бус байгаагаас өвчтөнүүд зарим тариагаа өөрсдийн мөнгөөр худалдан авч байна. Энэ нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур өрхийн айл өрхөд хүндээр тусч байна. Иймд төсвийг нь гүйцэд тавьж өгөх хэрэгтэй” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Өргөдлийн байнгын хорооны дарга байсны хувьд иргэдээс ямар өргөдөл ирдгийг та сайн мэднэ. Ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээс тогтоогдсон ажилтнуудаа ажилд нь буцааж аваарай. Шударга ёс шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс эхэлнэ. Одоо өвөл боллоо. Ханиад томууны цаг эхэлнэ. Сүүлийн үед сүрьеэгийн өвчлөл нэмэгдсэн шүү” гэв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Дотоодын эмийн үйлдвэрийг дэмжих тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ” гэсэн асуудлыг тодруулав. Нэр дэвшигч Д.Сарангэрэл эл асуултад, “Өнөөдөр манай улс 45 орноос 1800 төрлийн эм оруулж ирж байгаа. Дотооддоо нийт эмийн 20 хувийг нь үйлдвэрлэж байна. Энэ тоог 50 хувьд хүргэнэ. Эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдож болзошгүй байна. Иймд эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын цалингийн нэмэгдэлд хамгийн түрүүнд анхаарч ажиллана” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Өрхийн эмнэлгийн үйлчилгээг эргэж харах цаг нь болсон, эмнэлгийн санхүүжилт болоод ахмадуудын эрүүл мэндэд анхаарч ажиллаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, "Эмнэлгийн үйлчилгээний чанар суларсан. Төсвийн дутагдлаас гадна эмнэлгийн удирдлагыг оноож томилоогүйгээс эмнэлгийн үйлчилгээний чанар суларч байна. Эмнэлгийн дарга, нарийн мэргэжлийн эмч нар бүгд хувийн эмнэлэгтэй. Тиймээс төрд сэтгэлтэй хүнийг ажилд авдаг болох хэрэгтэй. Хувийн эмнэлэгтэй эмч нар төрийн ажилд зүтгэлтэй бус байх талтай шүү" хэмээв.

Товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
1982-1985 онд МРТУХорооны харъяа  Улсын Гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ