Хугацаа хэтэрсэн өртэй газруудад мэдэгдэх хуудас хүргүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын хэлтсээс өгсөн мэдээллээр орон нутгийн орлогын төлөвлөгөө таван тэрбум 850 сая төгрөг болж 113,5 хувиар давж биелжээ.
Харин улсын төсвийн төвлөрсөн орлогын төлөвлөгөө 13,6 хувиар тасалджээ. Түүний дотор НӨАТатвар 17.1 хувиар, агаарын бохирдлын төлбөр 2.9 хувиар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 48.4 хувиар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 35.0 хувиар, бууны татвар 66.1 хувиар, улсын тэмдэгтийн хураамж 27.6 хувиар тус тус тасарсан байна.
Аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестивалийн мэдээлснээр аймгийн төсөвт байгууллагууд 500 сая төгрөгийн цалингийн ашгийн өртэй байгаа аж. Тэрээр Сангийн сайдын 2017 оны 01/02, Татварын Ерөнхий Газрын даргын 01 тоот албан даалгаврыг биелүүлэх чиглэл ирсэн тул хугацаа хэтэрсэн өртэй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад ирэх долоо хоногоос мэдэгдэх хуудас хүргүүлэх, дансыг нь хаах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлээд байна.
Мөн Татварын хэлтсээс Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран авто тээвэр болон өөрөө явах хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, галт зэвсгийн албан татварын орлогыг бүрдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд энэ сарын 16-наас эхлэн сарын аян зохион байгуулж байгаа ажээ.
Дээрх ажлуудыг зохион байгуулсны дүнд татварын орлогын төлөвлөгөөг жилийн эцэс гэхэд давуулан биелүүлэх бүрэн боломж байгааг холбогдох албан тушаалтнууд мэдэгдлээ.
Ө.Нурболат