Сум, байгууллагууд ойн ном, сэтгүүлээ төрийн архивт хадгалуулах нь ховор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-24 14:39:59
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн архивын сан хөмрөгт сүүлийн жилүүдэд бүтээгдсэн сум, байгууллагын түүхэн ойн ном, хэвлэл, СД, кино тун ховор бөгөөд сайн дураараа авчирч өгч хадгалуулсан тохиолдол бараг үгүй гэнэ.

"Заримдаа өөрсдөө гуйж, олж, цуглуулж архивладаг" хэмээн тус аймгийн Архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгч ярьж байлаа.

“Амьдрал ус мэт урсан өнгөрнө, архив уул мэт сүндэрлэн үлдэнэ” гэсэн үг бий. Үнэхээр ч  архивын хосгүй чухал үнэт баримтаа хойч үедээ бүрэн дүүрэн хадгалж үлдээхэд шат шатны удирдлагууд, ажилтнууд, хувь хүн бүрийн үүрэг чухал юм.

Жил бүр сумдын, байгууллагуудын ой шил шилээ даран зохион байгуулагдаж, ойн хүрээнд ном, сонин, сэтгүүл СД хэвлүүлж, ирсэн зочиддоо бэлэглэх нь олонтаа. Гэвч цаг хугацаа, хөрөнгө санхүү гаргаж бүтээсэн тэрхүү түүхэн бүтээлүүдээ төрийн архивт хадгалуулж үлдээсэн нь ховор аж.

Архивын тухай хуулинд төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн явцад үүсч бий болсон архивын баримтын эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцан, байнга хадгалах баримтыг архивын хуульд заасан хугацаанд төрийн архивт шилжүүлж байх үүрэгтэй байдаг.

Үүнээс гадна хувь хүн, уран бүтээлч, хүсвэл хэн ч аймгийн архивын тасагтай гэрээ байгуулан үүх түүх, өв соёлын дээжээсээ хадгалуулан үлдээж болдог юм байна. Төрийн архив нь үнэ төлбөргүй хүлээн авч хадгалж, хамгаалах үүргийг хүлээдэг аж. 
 Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ