Эрүүл мэндийн даатгалаар багц шинжилгээ хийж эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-24 15:07:49
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраар дамжуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчид 10 дугаар сарын 20-ноос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн хөнгөлөлттэй шинжилгээнд хамруулж эхэллээ.

Иргэд гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх ажээ.

Тодруулбал нэгдүгээр багцад дотор эрхтний архаг өвчлөл, хоёрдугаар багцад үе мөчний эмгэг илрүүлэх шинжилгээ, гуравдугаар багцад хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ багтаж байгаа юм. Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн таван жилийн судалгаагаагаар гарсан хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн дээрх насны иргэдэд эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс орон даяар өрнүүлж, зардлыг даатгалын сангаас бүрэн хариуцаж хийхээр болжээ.
Багц бүр нь 50,000 төгрөгийн өртөгөөр хийгддэг боловч иргэдээс төлбөр мөнгө авахгүйгээр даатгалын сан хариуцна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ бөглүүлсэн байх шаардлагатайг холбогдох албаныхан мэдэгдэж байна. Мөн өвчтөний карт, цахим үнэмлэх зэрэг хувь хүнээс шаардагдах бичиг баримтыг бүрдүүлсэн байх хэрэгтэй.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ