"Шинэ" багш нар тангараг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-26 13:43:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд анхны жилдээ ажиллаж буй багш нарын дунд “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 25-нд зохион байгууллаа.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн хүрээнд боловсролын  чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, боловсролын байгууллагуудын өрсөлдөх чадвар, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар  чадварлаг боловсон хүчнээр хангах,  хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд боловсролын хөгжлийн түүчээг манлайлагч болсон багшийн нэр төрийг эрхэмлэн дээдлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээрээ бахархах үйлсийг дэмжих, багшийн нэр хүндийг өргөх зорилгоор  2016 оноос тус ёслол хүндэтгэлийн ажиллагааг Нийслэлийн Боловсролын газраас санаачлан зохион байгуулсан.

Уг арга хэмжээ өнгөрсөн онд нийслэлийн ахмад багш нарын дунд болсон бол энэ удаа анхны жилдээ ажиллаж байгаа залуу багш нар оролцож тангараг өргөсөн нь  ирээдүй хойч үеийн багш нарыг бэлтгэх, өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл, зорилготой болоход чиглэсэн үйл ажиллагаа болсноороо онцлогтой.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын Нийгмийн Хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, нийслэлийн сургуулийн өмнөх боловсролд анхны жилдээ ажиллаж буй 207, ЕБС-д ажиллаж буй 537, нийт 700 гаруй багш оролцов.
Ж.Болор
Холбоотой мэдээ