Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг хамгаалалтад авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-26 17:05:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Манлай сумын Шар цавын үлэг гүрвэлийгн мөрийг хамгаалалтандаа авлаа. 
Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий энэхүү газар нь дэлхийд ховор түүхэн олдвор гэдгээрээ онцгой ач холбогдолтой палеонтологын дурсгалт газар юм. "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 300 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү газарт аялал жуулчлалыг хөгжүүлэхээр эхний бүтээн байгуулалт болох хамгаалалтын байгууламжуудыг барилаа.
Үлэг гүрвэл сүрэглэн амьдарч байсныг гэрчлэх мөрний хэв, дардас бүхий энэхүү олдворт газрыг 1995 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Монгол-Японы судлаачид анх нээсэн түүхтэй. Улмаар 1996 онд хоёр орны хамтарсан экспедиц хээрийн судалгаа эрчимтэй хийж 2800 гаруй үлэг гүрвэлийн мөрний дардас, хэвийг илрүүлжээ. 2001, 2010 онд нарийвчилсан судалгаа хийснээр махан идэшт болон өвсөн идэшт 4-5 өөр төрлийн үлэг гүрвэлийн 18000 гаруй мөрийг шинээр тогтоосон байна. 
Үлэг гүрвэлийн мөр нь маш эмзэг олдвор учир нар салхинаас хамгаалах, зарим иргэдийн хууль бус үйлдлийн золиос болохоос хамгаалж, үлэг гүрвэлийн мөр бүхий газар дээр гүүр, зарим гол гол олдворуудыг хамгаалсан битүүмжилсэн байгууламж барьжээ.  
Уг төсөл нь 10 жил үргэлжлэх бөгөөд цаашдаа энэ газрыг  аялал жуулчлалын бүс нутаг болгох юм. 
Энэ төслийн эхний бүтээн байгуулалт дээр Өмнөговь аймгийн удирдлагууд, 
Палеонтологийн хүрээлэнгийн хамт олон, Аялал жуулчлалын холбоо,  "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" хамтран оролцжээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ