“Facebook”-ийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг хувьцаагаа худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-11-13 15:37:38

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Facebook” компанийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн Марк Андриссен тус нийгмийн сүлжээнд эзэмшдэг хувьцааныхаа бараг тал хувийг худалдсан тухай "Уолл Стрит-Жорнэл" сонинд мэдээлжээ.

Тэрбээр 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 6-ны хооронд “Facebook”-ийн 921.362 хувьцааг зарж, нийтдээ 96.5 долларын ашиг олсон байна. Марк Андриссен хувьцаануудаа нэг үнэт цаасыг 101.96-110.22 доллароор үнэлж, 19 гэрээ хийх замаар заржээ. Түүний зарсан хувьцаанууд компани дахь хувийн хөрөнгийнх нь 45 орчим хувийг бүрдүүлж байсан байна.

"Уолл Стрит-Жорнэл" сонинд мэдээлснээр, Андриссены хувьд “ийм их хэмжээний хувьцаа худалдсан нь ховор тохиолдол юм”.  2013 оны 12 дугаар сард Андриссен 1.65 сая хувьцааг тус бүр 55.05 доллароор худалдаж, 90.6 сая доллар олж байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ