Д.Трампын айлчлалын өмнө Умард Солонгосын 18 иргэнийг хар дансанд оруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-06 16:16:15
СӨҮЛ. /Никкей/. Гадаад улс орнуудад орших Умард Солонгосын санхүүгийн байгууллагуудын 18 албаны хүний эсрэг дангаар хориг арга хэмжээ авч байгаагаа Сөүл өнөөдөр мэдэгдлээ.  Мүн Жэ Ин ерөнхийлөгч болсноос хойш Өмнөд Солонгосын Засгийн газар Умард Солонгосын иргэдийн эсрэг анх удаагаа дангаар хориг арга хэмжээ авч байгаа нь энэ юм гэж Японы "Никкей" сонин мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн айлчлал маргааш эхэлнэ. Түүний айлчлалын өмнөх өдөр Сөүл ийм арга хэмжээ авсан нь Умард Солонгосын асуудлаар АНУ-тай адил байр суурьтай байгаагаа нотлон харуулах гэсэн хэрэг гэж шинжээчид үзэж байна.

Шинэ хориг арга хэмжээнд Хятад, Орос болон Ливи дэх Умард Солонгосын санхүүгийн байгууллагуудын 18 удирдах албан тушаалтан “өртжээ”. Энэ 18 хүн нь Өмнөд Солонгосын иргэд болон компаниудтай харилцах, хамтран ажиллах эрхгүй болж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ