Сөүл баллистик пуужинд ямар ч жинтэй цөмийн цэнэгт хошуу суурилуулах боломжтой боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-07 17:53:59
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын баллистик пуужингуудад суурилуулах цөмийн цэнэгт хошууны жинд тавьсан хязгаарыг Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсох хамтын хүчин чармайлтын хүрээнд бүрэн арилгахаар Өмнөд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүн нар тохиролцсоныг “Ёнхап” агентлаг уламжиллаа.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр үдээс хойш АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ “баллистик пуужингуудад суурилуулах цөмийн цэнэгт хошууны жинг 500 кг-аар хязгаарласныг хүчингүй болгох”-оор эцэслэн тохиролцоонд хүрлээ гэж Хөх ордон мэдэгджээ.

Д.Трамп хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр өнөөдөр Өмнөд Солонгост хүрэлцэн очсон юм. Тэрбээр сүүлийн 25 жилийн хугацаанд Өмнөд Солонгост айлчилж буй АНУ-ын анхны төрийн тэргүүн болж байна.

Хөх ордноос гаргасан мэдэгдэлд “Хоёр улсын төрийн тэргүүн Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийг замаар шийдвэрлэх хүсэлтэй байна. Умард Солонгосын ард түмэн болоод дэлхий дахины сайн сайхны төлөө асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж тэд үзэж байна” гэжээ.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ “Бидний хийж бүтээсэн бүхэнд аюул заналхийлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гээд, Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг тууштай дагаж мөрдөхийн зэрэгцээ Пхеньянд илүү шахалт үзүүлэхийг бүх улс оронд, тэдгээрийн дотор Хятад ба Орост уриалсан байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ