Д.Трамп Цэрэггүй бүсэд очих "гэнэтийн шийдвэр"-ээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-08 09:26:53
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгост төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсэд очих гэнэтийн шийдвэрээ цаг агаарын таагүй байдлын улмаас цуцаллаа гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордны албаны хүн өнөө өглөө мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Албаны хүний хэлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүнийг Цэрэггүй бүс дэх харуулын байранд хүлээж байсан аж. Өчигдөр үдээс хойш хийсэн хоёр талын дээд хэмжээний уулзалтын үеэр Цэрэггүй бүстэй хамтдаа танилцах саналыг Мүн Жэ Ин тавьсан гэнэ.

Цэрэггүй бүс орчимд өтгөн манантай байгаа учир нисдэг тэрэг нь газардах аргагүй болсны улмаас Д.Трамп Сөүлийн хотын Ёнсан дүүрэг дэх Америкийн цэргийн бааз руу буцахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Ерөнхийлөгч Д.Трамп “шахуу хөтөлбөртэй” учир Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн айлчлалынхаа хүрээнд Цэрэггүй бүсэд очихгүй гэж Цагаан ордон айлчлалаас өмнө мэдэгдэж байсан юм.

Одоогоор, хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Өмнөд Солонгост АНУ-ын 28500 гаруй цэрэг байрлаж байгаагийн олонх нь Цэрэггүй бүс дэх харуулын байруудад ээлжээр харуул хамгаалалтад гардаг ажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ