Г.Уянга: С.Эрдэнэ өөрийгөө шатаасан үйлдэлд Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-16 13:40:54

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр УИХ дахь Бие даагчдын зөвлөлийг төлөөлж энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр, “Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр Төрийн албаны тухай болон Улстөрийн намуудын тухай хуулийг өөрчлөх замаар өнөөгийн улс төр, нийгмийн хүрээнд хөндөгдөж буй асуудлыг шийдэх боломжтой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн дараа хийх нь зүйтэй” гэлээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар өвчтэй, Х.Болорчулуун тойрогтоо ажиллаж байгаа учир оролцоогүй бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга зарим асуудал дээр байр суурь нэгдмэл байгаа гэдэг үүднээс хамтарч оролцов.

Г.Уянга гишүүн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сум дахь "Эв санааны нэгдэл" Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаасан үйлдэлд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Уул уурхайн сайд Р.Жигжид огцрох нь багадна, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох нь зүйн хэрэг хэмээн үзэж байна.

Тэрбээр ярианыхаа эхэнд, "Өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан явдал гарсан. Яагаад ийм үйлдэл болов гэдэг шалтгааныг нь бид олж харах ёстой. Тэдний зүгээс бүх шатны хүмүүст хандаад эцэстээ ийм арга хэрэглэхээс аргагүй байдалд хүрсэн байгаа юм. Шалтгааныг нь сөхөж харвал “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид ажлын байраа хадгалж үлдэх гэсэн эрмэлзэл юм. Тэдний ажлын байр ямар учраас эрсдэлд орсон бэ гэвэл Австралийн “Махмахон” компанийн охин компани болох “TTJVCO” компаниар зүүн Цанхиас нүүрс олборлуулах гэрээ хийсэн. Гэтэл тэд баруун Цанхиас нь хоёр дахин их олборлолт хийгээд байсан. Тэр нь  манайд алдагдалтай. Ингээд 2014 онд УИХ-ын ажлын хэсэг шалгаад ийм өндөр өртөгтэй олборлолт явуулж болохгүй. Монгол Улс өрөө төлөөд, хурдан ашгаа авахын тулд олборлолтынхоо өртгийг бууруул гэсэн. Гэтэл “TTJVCO” хэрвээ бид олборлолтынхоо өртгийг бууруулах юм бол монгол ажилчдаар олборлолт хийлгэхгүй, хятад ажилчдаа ажиллуулна гэсэн байгаа юм.

Үүний дараа монгол ажилчдын ажлын байранд жилийн баталгаа өгнө гэсэн. Тэгэхээр жилийн дараа монгол ажилчдыг хална гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх эрхтэй. Бидний зүгээс “Яагаад заавал “TTJVCO” компани өндөр үнээр олборлолт хийх ёстой юм бэ. Монголчууд өөрсдөө олборлоё” гэдэг санал хэлэхэд 2011 онд Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед 2017 он хүртэл  “TTJVCO” компаниар олборлуулна" гэсэн гэрээ хийсэн байна. Үүнийг нь цуцлах юм бол 100 сая ам.долларын өрөнд орох гэнэ. Энэ бол Засгийн газар хариуцлага хүлээх хамгийн том хүндэтгэх шалтгаан юм" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ