Умард Солонгостой худалдаа хийвэл 3 хүртэлх жилийн хорих ял онооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-17 10:42:38
СИНГАПУР. /Киодо/. Сингапур улс Умард Солонгостой худалдааны салбарт хамтран ажиллахаа зогсоожээ. Цөмийн болон пуужигийн хөтөлбөртэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолуудыг дагаж мөрдөн Сингапур ийм шийдвэр гаргасан байна.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, Сингапур энэ сарын 8-наас эхлэн Умард Солонгостой худалдаа хийхээ зогсоожээ. Сингапурын Засгийн газраас өчигдөр гаргасан мэдэгдэлд “Умард Солонгосоос бараа бүтээгдэхүүн импортлох, мөн тус улсаас бараа бүтээгдэхүүн экспортлохыг манай улс бүрэн хориглосон” гэжээ. Тус хот улс нь Умард Солонгосын худалдааны томоохон түншүүдийн нэг гэгддэг юм.

Хэрвээ хоригийг зөрчин Умард Солонгостой худалдаа хийвэл тухайн бараа бүтээгдэхүүнүүдийн үнийг дөрөв дахин нугалсантай тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, гурав хүртэлх жилийн хорих ял оноох ажээ.

Сингапур нь Пхеньянтай дипломат харилцаатай улс юм.

Пхеньяны худалдааны томоохон түншүүдийн нэг Филиппин улс мөн өнгөрсөн есдүгээр сараас Умард Солонгостой худалдаа хийхээ зогсоосон билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ