Малын ханш нэг дахин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 14:52:08

Өнгөрсөн жилийн өдийд Ховд аймгийн "Малын хишиг" зах дээр хонь 150,0-190,0, ямаа 80,0-120, үхэр 500,0-800,0, адуу 600,0-800,0 төгрөгийн ханштай байсан юм. Гэтэл энэ жил малын ханш буурч, малчдын гар дээрээс мал авах нь багаслаа гэж малчид ярьж байна.

Өнөөдөр Ховд аймгийн "Малын хишиг" зах дээр эр хонь 80,0-100,0, эм хонь 55,0-60,0, ямаа 45,0-50,0, үхэр 500,0 мянган төгрөгийн ханштай байна. Өмнөх жилтэй харьцуулбал малын үнэ нэг дахин буурчээ.

"Малын хишиг" зах дээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчин Н.Сүхбаатартай уулзахад ”Хотод сурдаг хүүхдийн сургалтын  төлбөр төлдөг, тэд мөнгө нэхдэг. Хэдэн малаасаа авч ирээд зардал чирэгдэл болоод энд ирэхэд мал авах хүн цөөн болчихож. Би эр хонь 80,0-100,0 төгрөгрөө зарах санаатай ирсэн. Энд ирээд мал зарагдахгүй болохоор захын талбайн түрээс төлөөд шатаж байна.Зарагдахгүй бол буцаагаад аваад явна”гэлээ.

Харин  Зэрэг сумын малчин Сүхдорж ”Сумаас бензин шатахуун хийгээд аймгийн зах дээр ирж мал зарахад авах хүн олдохгүй байна. Гэтэл аймгийн төвийн Хан орд зах дээр кг махны үнэ өндөр байх юм. Малын ханш унаж малчин бидний амьдрал дордож байна. Хэдэн малаа дахиад зардал гаргаад туугаад, ачаад аргалаад буцдаг”гэв.

Мал зарагдахгүй байгаа шалтгааныг мичин жил угтаад зуднаас айж малаа хямд зарж байна гэж зарим нь тайлбарлаж байгаа ч энэ жил өвлийн эхэн сар гарчихаад байхад гадаа тавьсан малын мах хөлдөхгүй дулаан байгаа учир өвлийн идшээ базаахгүй байгаатай холбож тайлбарлаж байна.

Юутай ч урьд хожид болж байгаагүй хямд үнээр малчид малаа зарж, малын ханш өнгөрсөн оныхоос нэг дахин хямд байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ