Алтыг аж ахуйн нэгжүүдээс илүү иргэд тушааж байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-11-18 14:32:28
Монголбанк  оны эхний 10 сард 17,2 тонн алт авсан гэж мэдээлж байсан юм. Харин 11 сарын эхний хагаст нэмж нэг тонн  алт худалдан авчээ. Алт тушаалтын оргил үе нь 10,11 сар гэдгийг дээрх тоон үзүүлэлт харуулж байна. Манай алт олборлогч аж ахуйн нэгжүүд  оны эхний 10 сарын байдлаар 6,4 тонн алт тушаасан аж. Тэд   2017 онд   ордын нөөц, уулын ажлын төлөвлөгөөний дагуу улсад 10 тонн алт тушаахаар АМГТХЭГ-тай гэрээ хийсэн байна.

Аж ахуйн нэгжүүд алт нэмж тушаалаа гэхэд 2017 оны эцэст 8 тонн болох болов уу гэсэн таамаглалыг энэ салбарын мэргэжилтнүүд хэлэв. Тэдний мэдэгдэж байгаагаас үзэхэд алт олборлогчдийн төлөвлөгөө 20 орчим хувиар тасрах  магадлалтай  гэнэ. Тэдний  төлөвлөгөө тасарсан, ч Монголбанк 2017 онд  20 тонн алт худалдан авах  зорилт  тавин ажиллаж  байна.  Алтыг аж ахуйн нэгжээс илүү, иргэд их тушаажээ. Түүнийг аж ахуйн нэгжүүд татварын дарамтаас зайлсхийн иргэний нэр дээр алтаа тушааж байгаа гэсэн харталт байна.

Аж ахуйн нэгж Монголбанкинд алт тушаахад нөөц ашигласны 2,5 хувийн төлбөрөөс гадна аж ахуйн нэгжийн  орлогын албан татвар, түүнээс  давсан орлогод нь 25 хувийн  албан татвар ногдуулан хоёр шаттай болгон хуульчилсан байдаг.  Татварын энэ шатлалаас хамаарч   нэмэгдэл татвар  төлөхгүй байх үүднээс аж ахуйн нэгжүүд харьцангуй бага алт тушаадаг бололтой. Иргэд алт тушаахад  татаварын  ийм дарамт тэдэнд очихгүй сайн талтай юм байна.  

Монголбанк  алт худалдан авахдаа  Стандарт хэмжил зүйн газар (СХЗГ)-ын Үнэт металл, сорьцын хяналтын газрын сорьцолсон бичиг,  иргэнээс иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж бол тухайн аж ахуйн нэгжийн итгэмжилсэн бичиг, мөнгө хүлээн авах дансны дугаар  шаардана. Энэ шаардлагыг хангасан байхад, Монголбанк алтыг худалдан аваад, төлбөр тооцоог чирэгдэлгүй гүйцэтгэх журамтай. Төв банк  иргэн, аж ахуйн нэгжийн тушаасан алтнаас 2.5 хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг суутган авч, татварын байгууллага руу шилжүүлнэ. Худалдан авалтыг ингэж хялбаршуулсан  нь Монголбанкинд алт хуримдлагдах давуу тал болжээ.

Гэхдээ иргэдэд  алтаа баталгаажуулж, сорьцжуулах гэж том хариуцлага тулгардаг юм байна. Ийм учраас иргэд, зөвхөн АМНАТ 2,5 хувийг төлөөд төв банкинд алт тушааж  их ашиг олоод байгаа зүйл байна уу гэвэл тийм биш гэнэ. Тэгээд ч алт сорьсцлон баталгаажуулах алба  орон нутагт байхгүй. Энэ нь    алт  гараас гарт худалдагдах гол шалтгаан болдог гэж хэлж болно  

Алтны сорьц гэдэг нь гурван грамм жинтэй алтан бөгжийг 1000 нэгж гэж үзвэл түүний 585 нэгж нь алт байдаг аж. Тэр бөгжийг 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгоно гэсэн үг юм билээ. Монгол улсад алтан эдлэл 333, 375, 585, 750, 916, 960, гэсэн тоон илэрхийлэл бүхий сорьц байдаг.  Стандаарт хэмжил зүйн газар (СХЗГ)-ын Үнэт металл, сорьцын хяналтын газрын лаборторт сорьцлон баталгаажуулах үйл ажиллагааг явуулдаг.

Иргэд хоорондоо сорьцгүй алт худалдахдаа, гол төлөв усан жингийн арга гэдийг хэрэглэдэг юм байна. Иргэдээс иргэд хоорондын алтны худалдаанд хэрэглэдэг усан жингийн аргыг стандарт болгоод орон нутагт мөрдүүлж болохгүй юу гэсэн асуултыг  гаргадаг. Ийм асуултад СХЗГ-ын “Үнэт металл, сорьцын хяналтын газар”-ын мэргэжилтэн Ж. Батбаатар “ Усан жингийн арга нь 999 сорьцтой алтанд бол болно. Алт өөрөө бусад металтай холимог байгаа нөхцөлд  алтны хэмжээг тодорхойлохгүй учраас стандаарт болгон мөрдүүлэх боломжгүй гэсэн хариу өгч байна.

Байгальд алт хавтан,  цохио тогтоц хэлбэрээр цул   байдаггүй гэж үздэг.  Харин   нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал,6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог ажээ. Алт нь хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Алт бусад металл болон чулуулагтай холимог  хэлбэртэй байгальд оршдог гэж тодорхойлсон байх юм.
Хувийн шинж чанараар алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чадвартай бөгөөд дулаан цахилгааныг маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл гэнэ.  
 
Ер нь алт төв банкинд хуримтлагдах нь вальютын нөөц болдог. Вальютын нөөц нь төгрөгийн худалдан авах чадварыг  дээшлүүдэг эерэг үзүүлт эдийн засагт авч ирдэг сайн талтай гэж үздэг байна.                
                                                                                                                                                                            Г. Эрдэнэбат
Холбоотой мэдээ