Орос, Америкийн удирдагчид утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-22 10:25:50
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамптай утсаар ярьж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон БНАСАУ, Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцлээ гэж мягмар гарагт ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Хоёр улсын удирдагчид Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцож, асуудлыг дипломат, яриа хэлэлцээний арга замаар шйидвэрлэхийг эрэлхийлэх нь зүйтэй хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн терроризмын болон хар тамхины хууль бус наймааны аюул өсөн нэмэгдэж буй Афганистаны сэтгэл түгшээсэн нөхцөл байдлыг хөндсөн байна. Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар Орос улс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх үүргээ баримтална гэдгээ илэрхийлсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ