Уул уурхайн компаниудын ус ашиглалтын үнийг нэмэх санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-24 17:29:07
Ховд/МОНЦАМЭ/ Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа \ХГЦНСГЗ\, “Мон Эн Ко” ХХК, Ховд аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар \БОАЖГ\ хамтран Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, усны ашиглалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-г тодорхойлох сургалт хэлэлцүүлгийг Ховд аймгийн  Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент төлөвлөгөөг  танилцуулах, ус ашиглалттай холбоотой аймаг, сум орон нутаг болон төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн хариуцлага болон хөрсний нөхөн сэргээлтийн хүрээнд гарч буй хүндрэлийг хамтран ярилцаж зөвшилцөлд хүрэх, зөв шийдлийг  тодорхойлоход чиглэж байлаа.
Сургалт хэлэлцүүлгийн нээлтэд ХГЦНСГЗ-ны дарга С.Жаргалзаяа, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, “Мон Эн Ко” ХХК-нийн инженерийн албаны менежер н.Гантулга нарын холбогдох мэргэжилтнүүд гол гол мэдээллийг өгч  оролцсон юм.
Мөн ХГЦНСГЗ, Мон Эн Ко компанийн нөлөөллийн бүсийн сумууд болох Ховд аймгийн Цэцэг,  Дарви, Мөст сумын удирдах ажилтнууд, байгаль орчны байцаагч нар болоод бусад сумдын төлөөлөл, Үенч Бодонч голын сав газрын захиргаа, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, мөн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 40 гаруй хүн хамрагдлаа.
Энэ  хүрээнд “Мон Эн Ко” ХХК-нийн зүгээс байгаль орчныг нөхөн сэргээх ялангуяа Дарви суманд байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа ажил, ХГЦНСГЗ-ны боловсруулсан усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг танилцууллаа. Мөн аймгийн БОАЖГ-аас “Мон Эн Ко” ХХК болон бусад уул уурхайн компаниудад тавьж буй шаардлага, хяналт,  хүндрэлтэй асуудлуудын талаар,  Ховд аймгийн усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг зурагласан ажлын үр дүнгийн талаар  тус тус холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хүргэв.
Энэ үеэр оролцогчид сумдад тулгамдаж байгаа гүнийн худгийг нэмж гаргах, “Мон Эн Ко” ХХК болон бусад уул уурхайн чиглэлийн компаниудын ус ашиглалтын хяналтыг сайжруулах, усны үнэ тарифийг  нэмэгдүүлэх, санал гаргасан юм. Хөшөөтийн уурхайгаас сумдад хөнгөлөлттэй олгодог нүүрсний тоо хэмжээг нэмэгдүүлэх, Мон Эн Ко компанитай хамтарсан гэрээгээр тээвэрлэлт хийж буй 14 компаниар  замын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэх, ачуулах, сумдын авто замыг шинэчлэн засварлах тухай  саналуудыг холбогдох газруудад  уламжиллаа.
Газар тариалан эрхлэх, мод, ногоо услалтын явцад алдагдаж буй усны алдагдлыг тооцох, багасгах,  карантны усыг зөв зохистой ашиглах талаар уламжлалт аргуудыг олон нийтэд сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад усны үнэ цэнийг ойлгуулж зөв хэрэглээг бий болгоход анхаарах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
Тус сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд ХГЦНСГЗ нь “Мон Эн Ко” компанийн ус ашиглалт хийгээд цаашдын төлөв байдалд бүх шатны хяналтыг өндөржүүлж ажиллах үүрэг хүлээжээ. Энэ ч утгаараа  “Мон Эн Ко” ХХК-тай хамтран ажиллаж нөлөөллийн бүсийн Цэцэг, Мөст, Дарви сумдад гүний худаг гаргах, усны хайгуул хийхээр тохиролцлоо.
                                                                                                                                              А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ