Ховд их сургууль цаг уурын ажиглалтын станцтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-02 17:50:01
Ховд/МОНЦАМЭ/ Ховд их сургууль хамтын ажиллагаатай БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Шинжаан дахь “Газарзүй-экологийн хүрээлэн”-тэй хамтран сургуулийнхаа “Сорилт туршилтын талбай”-д цаг уурын байнгын ажиглалтын станцыг суурилуулав.
Станцыг суурилуулах ажлыг тус хүрээлэнгийн профессор цаг уур, уур амьсгал судлаач Xu Junrong, эрдэм шинжилгээний ажилтан Ма Xuexi нар, тус сургуулийн  Газарзүй геологи, Математик мэдээлэлзүйн тэнхимийн багш нар хамтран гүйцэтгэсэн байна. Энэхүү станц нь агаарын температур, даралт, салхины хурд, чиглэл, хур тунадас, хөрсний гүний температур, чийгшил, нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацаа зэрэг 20 орчим үзүүлэлтийг хэмжиж тоон мэдээ материалын эх сурвалжийг бүрдүүлэх юм байна. 
“Сорилт туршилтын талбай”-д цаг уурын байнгын ажиглалтын станц байгуулсанаар оюутны зуны хээрийн дадлага, лабораторийн хичээл явуулахад ихээхэн ач холбогдолтой гэж багш, оюутнууд үзэж байна.
Тус туршилтын талбай Цаг уур судлал хичээл, Ерөнхий Газарзүйн хээрийн дадлага, Ландшафт судлалын хээрийн дадлага, Байгалийн бүсчилсэн хээрийн дадлага, Газар зохион байгуулалт хөрс, судлалын хээрийн дадлага зэрэг хичээлүүдийн гол хэрэглэгдэхүүн болох юм.
Мөн Ховд их сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг нь цаг уурын дулаарал түүнтэй холбоотой дасан зохицох арга хэлбэрүүд, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа ба энэхүү станцын мэдээ материалыг үндэслэн Их Алтайн бүс нутгийн байгаль цаг уурын нөхцөлд шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт, дүгнэлт өгөх, хамтарсан судалгаа хийх, боловсруулалт хийхэд ихээхэн дөхөм болох аж. Байнгын ажиллагаатай станц нь Шинжааны Экологи Газарзүйн хүрээлэн, Ховд их сургуулийн идэвхтэй хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашид мэргэжилтэн солилцох, багш судлаачид мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх зэрэг олон талаар хамтран ажиллахаар төлөвлөж байна. 
                                                                                                                                                       А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ