Терроризмтай тэмцэх тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-17 16:52:28

Монгол Улсын терроризмтэй тэмцэх, сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын судлаачид өнөөдөр Олон улсын терроризм ба үндэсний аюулгүй байдлын талаар ГХЯ-ны Зөвшилцөх танхимд  зөвлөлдөв. 

 Олон улсад томоохон хэмжээний террорист халдлагууд ар араасаа гарч буй энэ цаг үед Монгол Улс терроризмтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга техник, нөхцөл байдлын талаар  хэлэлцэж, зөвлөлдсөнөөрөө энэ хурал онцлогтой байв. Гол зорилго нь олон улсын терроризмаас сэргийлэх, террористуудыг хил нэвтрэн орж ирж нутагших, террорист үйл ажиллагаандаа монголчуудыг элсүүлэхээс сэргийлэх талаар зөвшилцөж, тус хурлаас зөвлөмж гаргаж, төрийн эрх баригчдад хүргэх юм байна. 

Хурлыг БХИС-ийн захирал, хошууч генерал, профессор Я.Чойжамц нээсэн бөгөөд Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, Монгол Улсын шинжлэх ухааны доктор профессор Ш.Паламдорж “Олон улсын терроризм ба үндэстний аюулгүй байдал” сэдвээр үндсэн илтгэл тавьж, “Терроризмын эсрэг сэтгэл зүйн асуудал”, “Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагаа, олон улсын аюулгүй байдалд үзүүлж буй сөрөг нөлөө хандлага”, “Террорын шинжтэй хэрэгтэй тэмцэхэд тагнуулын арга хэрэгслийг ашиглах нь”, “Терроризм ба улсын онц чухал обьектын хамгаалалт”,”Террорын шинжтэй гэмт хэргийг илрүүлэх онолын асуудал” зэрэг сэдвээр судлаачид илтгэл тавив.
Дээрх илтгэлүүдээс терроризмтэй тэмцэхэд шаардагдах тусгай зэвсэг хэрэгслийг оруулж ирэх, Терроризмтай тэмцэх тухай хуулийг шинэчлэх, улс орны хилийн хамгаалалтыг бүх талаар сайжруулах, иргэдийн сэтгэл зүйг бэлтгэх, цагдаа хүчний байгууллагын ажилчдын терроризмын үед ажиллах чадвар туршлагыг нэмэгдүүлэх, терроризтай тэмцэхэд тагнуулын арга хэрэгслийг ашиглах туршлагыг нэмэх, онц чухал объектуудын хамгаалалтыг сайжруулах зэрэг саналууд гарсан юм. 
 

Н.Гантуяа 

Холбоотой мэдээ