ЮНИСЕФ: Агаар бохирдуулагч хэт нарийн ширхэгтүүд нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-12-07 12:05:49
НҮБ. /Киодо/.  Агаарын бохирдол хэдэн сая хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ анхааруулсныг “Киодо” агентлаг уламжлав.

ЮНИСЕФ энэ асуудлаарх судалгааны тайлангаа лхагва гарагт буюу өчигдөр цахим хуудастаа нийтэлсэн байна.

Уг тайланд дурдсанаар, агаарын бохирдуулагч бодисууд нь хэт нарийн ширхэгтэй учир хүүхдийн цус, тархи руу нэвтрэн орж, улмаар тархины хөгжлийг удаашруулж, мэдрэлд нөлөөлдөг аж. Ялангуяа, нэг ой хүрээгүй хүүхдүүдийн тархины хөгжилд агаар бохирдуулагч бодисууд хамгийн ихээр сөргөөр нөлөөлдөг гэнэ.

НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэхдээ “ДЭМБ тэргүүтэй олон улсын холбогдох байгууллагуудаас тогтоосон агаарын бохирдлын байж болох хэмжээнээс наад зах нь зургаа дахин их агаарын бохирдолтой байгаа газруудад өнөөдөр нэг ой хүрээгүй бараг 17 сая хүүхэд амьдарч байна” гэжээ. Эдгээр хүүхдийн дөрөвний гурав гаруй хувь нь Өмнөд Азид, тэр дундаа Энэтхэгт амьдарч байна.

Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд шуурхай арга хэмжээ авахыг ЮНИСЕФ агаарын бохирдлын асуудалтай буй улс орнуудад уриалаа. Мөн агаар шүүгчтэй амны хаалтаар ард иргэдээ хангахын зэрэгцээ хот төлөвлөлтөдөө анхаарах, тухайлбал сургууль болон эмнэлэг зэргийг агаарын бохирдол ихтэй газарт барихгүй байхыг зөвлөж байна.
Г.Доржханд
 
 
 

Холбоотой мэдээ