Палестинчууд болон Израилийн цэргүүд хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-11 11:27:39
ИЕРУСАЛИМ. /Би-Би-Си/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрч байгаагаа өнгөрсөн долоо хоногийн дундуур зарласантай холбоотойгоор палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөн үргэлжилсээр байна.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Д.Трампын шийдвэрийг эсэргүүцэж буй палестинчууд ням гарагт буюу өчигдөр Иордан голын Баруун эрэг болон Газын зурваст Израилийн цэргүүд рүү удаа дараалан чулуу нүүлгэжээ. Үүний хариуд Израилийн цэргүүд эсэргүүцлээ илэрхийлэгчид рүү нулимс асгаруулагч хий цацаж, тэднийг резинэн сумтай буугаар буудсан гэнэ.

Палестины УЗН-ийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өчигдрийн мөргөлдөөнүүдийн үеэр 157 хүн шархадсан байна.

Иерусалим хотын автобусны буудал орчимд эргүүл хийж байсан Израилийн аюулаас хамгаалах хүчний нэгэн алба хаагчийг палестин залуу хутгалсан хэрэг өчигдөр мөн гарчээ. Хутгалуулсан алба хаагчийн биеийн байдал тааруу байгаа аж. Сэжигтнийг хэргийн газарт байхад нь баривчлан саатуулжээ.

Израильчууд Иерусалимыг улсынхаа "нийслэл хот" гэж үздэг бол палестинчууд тус хотыг ирээдүйн төрт улсынхаа "нийслэл" гэдэг билээ.

Еврейчүүд, христос болон лалын шашинд итгэгчдийн аль альных нь хувьд “ариун газар” гэгддэг олон газар Иерусалим хотод байдаг юм. Тус хотын статусыг дур мэдэн өөрчилсөнтэй холбоотойгоор Ойрхи Дорнод болоод лалын шашинт бусад улс орон төдийгүй дэлхий нийт Д.Трампыг  эрс шүүмжилж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ