БНХАУ-Монголын харилцааны тулгамдсан асуудал

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-18 11:31:44

ТОКИО. /Thediplomat/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн гурван өдрийн айлчлал өндөрлөх үеэр хийсэн хамтарсан мэдэгдэлд, БНХАУ-Монголын харилцаа түүхэнд байгаагүйгээр өргөжин тэлж байна гэж дурджээ. Хоёр улс сүүлийн жилүүдэд ихээхэн дотно харилцаатай болсон. Өнгөрсөн жил гэхэд л хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг аюулгүй байдал, улс төрийн хамтын ажиллагааг хамарсан “стратегийн иж бүрэн түншлэл” болгон өргөжүүлсэн билээ.

Монгол БНХАУ-аас хэт хамааралтай байдаг нь нууц биш юм. “Trading Economics”-ийн 2015 оны мэдээллээс үзвэл, Монголын экспортын 89 хувь нь БНХАУ руу гардаг бол импортынхоо 26 хувийг БНХАУ-аас авдаг байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан нь Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлж, улмаар тус улсын Засгийн газар ажлын байрыг цомхотгож, цалинг бууруулж, шуудан, цахилгаан станц зэрэг төрийн компанийн хувьцааг худалдах арга хэмжээ авахад хүрээд байна. “Mongolian Metal & Mining Research” бие даасан судалгааны байгууллагын захирал, үүсгэн байгуулагч Дэйл Чой, “БНХАУ найтаахад Монгол ханиад хүрдэг” гэж хэлэв.

Магадгүй харилцааны хамгийн хүчтэй хэлбэр, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалтай холбогдуулан өнгөрсөн жил Монгол Улс Далай ламын айлчлалыг цуцалсан нь Хятадын шахалт байсан. Гэвч Монгол болон Хятадын удирдагчид, бизнес эрхлэгчид зөрчилдөөнөөс зайлсхийх боломжит алхам бүрийг хийж байгаа байх. Гэсэн хэдий ч хоёр улсын түүх иргэдэд нь илүү түвэгтэй харагдана.

Ардчилал үүсч хөгжсөний 25 жилийн ойгоо монголчууд энэ жил тэмдэглэсэн. Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэсэн БНХАУ-ын мэдэгдлүүд удаа дараа гарсаар байгаа хэдий ч Хятадад худалдагдах вий, газар нутгаа алдах вий гэсэн айдас монголчууд дунд байсаар байна. Улс төр эсвэл цэргийн хүчээр гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн үйл ажиллагаагаараа БНХАУ Монголыг эзэлнэ гэсэн таамаг илүү өргөн тархжээ.

Монгол Улс ЗХУ-ын нөлөөнд байсан буюу Хятад-ЗХУ-ын байдал хурцадмал байх үед БНХАУ-ын эсрэг үзэл суртал Монголд бий болсон гэж Британийн Колумбын их сургуулийн доктор профессор М.Жаргалсайхан хэлсэн. Хоёр улсын албан ёсны харилцаа сайжирч байгаа хэдий ч Монголын цахим блог болон нийгмийн харилцаанаас харахад БНХАУ-ыг эсэргүүцэх хандлага байсаар байна. Учир нь БНХАУ-ын эсрэг хандлагыг бууруулах талаар албан ёсны ажиллагаа идэвхтэй явуулахгүй байгаа юм. Хүчний тэнцвэргүй байдал, БНХАУ-ын эдийн засгийн үйл ажиллагааг эсэргүүцэх болон бусад асуудалтай холбоотой маргаан зэргээс үүдэлтэй БНХАУ-ыг эсэргүүцэх дэлхий нийтийн үзэгдэл монголчуудын хандлагад нөлөөлсөн гэж М.Жаргалсайхан хэлэв.

"Sinophobia" буюу БНХАУ-ын эсрэг хандлага номдоо тэрбээр түгшүүр, хүчирхийлэл, Монголын онцлог шинжийг гаргах тухай бичсэн бөгөөд үүнийг Кэмбрижийн их сургуулийн судлаач Франк Билле, БНХАУ-ын эсрэг монголчуудын хандлага нь өөрсдийгөө Азиас бүрэн тусгаарлаж, ази үндэстэн гэдгээс татгалзах хүсэлтэй байгааг тусгасан гэж тайлбарлав.

Орчин үеийн Улаанбаатарт хүртэл БНХАУ-ын эсрэг хандлагыг хялбархан олж харж болно. БНХАУ-тай холбогдох хот тохижилтын зүйлсийг авч хаяхыг уриалсан ханын бичээс, Хятадын хортой бараа бүтээгдэхүүний тухай яриа хаа сайгүй тархах, Монгол цусыг “цэвэр ариун” байлгах нийгмийн хэм хэмжээг сахиулах тухай шаардлага, хятад залуучуудтай явсан эмэгтэйг муулах гэх мэтээс харж болно. Мөн реппер “Gee” гэх залуу БНХАУ-ын эсрэг хандлагатай дуу дуулж, Монгол үндэснийхээ төлөө босохыг уриалж ихээхэн нэрд гарсан байна. Үүний зэрэгцээ “Цагаан хас”, “Даяар Монгол” зэрэг хэт давруу үзэлтнүүдийн нео-нацист бүлэг голчлон хятадуудыг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоо ч идэвхтэй ажиллаж байна.

БНХАУ-ын эсрэг гэсэн атгаг хандлага өндөр настнуудын дунд их байгаа хэдий ч тэдний энэ хандлага хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийнх шиг өдөр тутмын амьдралд нь тэр болгон мэдрэгдээд байхгүй байх. Гэвч Монголын ард иргэд БНХАУ-ыг ихээхэн дэмждэг гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэгдсэн нь үнэн биш болох нь тодорхой.

Монголын энэ хандлагыг хятадууд хайхрахгүй өнгөрдөггүй. “Монголчууд Хятадыг хэрхэн хардаг вэ?” эсвэл "Монголчууд яагаад Хятадыг үзэн яддаг вэ?" зэрэг асуулт Хятадын цахим блогуудаар эргэлдэж байдаг бөгөөд үүнд хятадууд ихэд цухалдангуй байдгаа илэрхийлсэн байна. Гэвч Монголын геополитикийн сул тал, түүхэн байр суурь зэргийг харгалзан Монголын эсрэг хандлага БНХАУ-д хаа сайгүй тархаагүй.

Гэхдээ энэ нь Монголын эсрэг хандлага БНХАУ-д огт байхгүй гэсэн үг биш юм. Энэ жилийн долдугаар сард Өвөр Монголд гадаадын 20 жуулчныг Хятадын цагдаа нар баривчилсан байна. Учир нь тэд “суртал ухуулга”-ын чанартай Чингис хааны тухай баримтат кино үзжээ.

Түүхэн хурцадмал байдлаас болж муудсан харилцааг сайжруулж, хоёр улсын хүн амд нэвтрэхээр өндөр түвшний найрсаг харилцаа бий болгоход цаг хугацаа шаардлагатай бөгөөд итгэл найдвар ч байна. Жил бүр хэдэн зуун монгол БНХАУ-д суралцаж байгаа бөгөөд хоёр орны Засгийн газрууд иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхээр амласан. Өвөг дээдсээсээ уламжилсан түүхэн занганаасаа гарах ухамсар монгол залуучуудын тархинд сууж байна гэж “The Diplomat” сэтгүүлийн туслах редактор Бочен Хан бичсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ