ИХАБ:Зүүн Иерусалим бол Палестины нийслэл мөн

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-12-19 18:08:39
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалим хотыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, ЭСЯ-аа тус хот руу нүүлгэх шийдвэр гаргасны хариуд исламын шашинт орнуудын удирдагчид “зүүн Иерусалим бол Палестины нийслэл мөн” гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт эхэлсэн Исламын хамтын ажиллагааны байгууллагын /ИХАБ/ онц Дээд хэмжээний уулзалтаар ийм шийдвэр гаргасан байна. Лалын шашинт 57 орныг нэгтгэдэг тус байгууллагын энэ удаагийн чуулга уулзалт ИХАБ-ыг даргалж буй Турк улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы санаачилгаар болж, түүнд 48 орны төлөөлөгчид, тэдний дотор 16 улсын төрийн тэргүүн нар оролцжээ. Тодорхой дурдвал, Афганистан, Азербайжан, Бангладеш, Индонез, Палестин, Гвиней, Иран, Катар, Кувейт, Ливи, Ливан, Сомали, Судан, Того, Иордан, Йемений Ерөнхийлөгч нар, Жибути, Малайз, Пакистаны Ерөнхий сайдууд, Коморын арлуудын Төрийн нарийн бичгийн дарга, Оман улсын Шадар сайд, Казахстан болон Узбекистаны парламентын дарга нар Истанбулд хүрэлцэн ирсэн байна. Хүндэт зочноор Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро уригдсаныг энд дурдах нь зүйтэй.

Харин Саудын Арави болон Египет гэсэн бүс нутгийн хоёр нөлөө бүхий улс Гадаад хэргийн сайд, Исламын шашны хэрэг эрхэлсэн сайдын түвшинд оролцож, тус хоёр улсын хэвлэлүүд Дээд хэмжээний уулзалтын талаар бараг мэдээлээгүй явдал нь Д.Трампыг “гомдоохоос” жийрхсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэсэн байна.

Харин ийм их сүр бараатай “ээлжит бус онц их хурал” болж байхад дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг төдийлөн анзаарсангүй дээ гэмээр сэтгэгдэл төрлөө.  

Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт “Аль-Кудс бол тусгаар тогтносон Палестин улсын нийслэл” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Хагас зуун жилийн турш Израилийн хяналтанд байгаа Зүүн Иерусалимыг араб хэлээр “Аль-Кудс” гэж нэрлэдэг. Исламын орнуудын удирдагчид “тусгаар хоёр улс” гэдэг зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөж байгаагаа илэрхийлээд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг дэлхийн бүх улс оронд уриалжээ.  

Чуулга уулзалтын нээлтийн үеэр Палестины удирдагч Махмуд Аббас үг хэлэхдээ  “Израилийг тусгаар улс гэж үзэхээс татгалзах”-ыг дэлхийн бүх оронд уриалсны сацуу Палестиныг 1967 оны хилээр хүлээн зөвшөөрөхийг уриалав. Харин түүний эл байр төгсгөлийн баримт бичигт тусгагдсангүй.

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 136 орон Палестиныг тусгаар улс мөн болохыг хүлээн зөвшөөрөөд байна. Харин Баруун Европ, Хойд Америкийн зарим орнууд, тэдгээрийн дотор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 5 улсын 3 нь буюу АНУ, Их Британи, Франц улс үүний эсрэг байр суурьтай байгаа юм.

Үүний зэрэгцээ Израилийн тусгаар тогтнолыг НҮБ-ын гишүүн 191 улсаас 161 нь  хүлээн зөвшөөрөөд байгаа ажээ.

ИХАБ-ын саммитыг нээж үг хэлсэн Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Израилийг “террорист улс” гэж нэрлээд “эзлэн түрэмгийлэх, дээрэмдэхээс өөр зорилгогүй, хүүхдүүдийг алж хяддаг улсын мэдэлд Иерусалимыг бид өгөхгүй” гэсэн нь чуулга уулзалтын дэгдсэн хамгийн том дуулиан байлаа.   

Д.Трампын шийдвэр, Р.Т.Эрдоганы хурлын зорилго   

Иерусалимын талаарх Д.Трампын шийдвэр нь олон улсын гэхээсээ илүүтэй дотоод улс төрийн сэдэлтэй гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд байдал хүндэрч, импичментийн /итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалт/  “аюул заналхийлж”, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн, Оросын хакерууд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэт асуудлууд түүний эргэн тойронд хуримтлагдсан учраас энэ бүхнээс олон нийтийн анхаарлыг хөндийрүүлэхийн тулд Ойрхи Дорнодод ямар нэгэн байдлаар хурц асуудал үүсгэх нь чухал болсон бололтой.  /www. moscow-baku.ru/

Нөгөөтэйгүүр, Исламын ертөнцөд манлайлагч болохын төлөө Турк, Иран хоёр ширүүн өрсөлдөж байгаа нь илт харагдаж байна. Ийм цаг үед Эрдоган ИХАБ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, Израилийг “террорист улс” гэж зарлаж, Зүүн Иерусалим бол Палестины нийслэл мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн нь өөрийгөө хүчтэй, ухаалаг удирдагч болохыг дэлхий дахинд харуулах гэсэн оролдлого юм.
Өөрөөр хэлбэл, Д.Трампын шийдвэр, Р.Эрдоганы зохион байгуулсан хурал хоёр нь хоёулаа цэвэр улс төрийн тоглолт байжээ хэмээн ойлгож болно.

Бодит байдал дээр, Д.Трампын шийдвэр болон ИХАБ-ын мэдэгдлийн аль аль нь Палестин-Израилийн сөргөлдөөнийг төдийлөн хурцатгахгүй, Израилийн бусад оронтой харилцах харилцаанд нөлөөлөхгүй гэж зарим ажиглагчид үзэж байна.

Истанбулын Дээд хэмжээний уулзалтын үеэр хатуу ширүүн мэдэгдлүүд хийсэн хэдий ч энэ нь ИХАБ-Израиль хоорондын харилцаанд ноцтойгоор нөлөөлөхгүй юм. Израилийн улс төрчдийн хувьд “Арабын орнууд цугласан үедээ иймэрхүү зүйл ярьж л байдаг, ингэлээ гээд нэгэнт тогтсон олон салбарын хамтын ажиллагаа зогсохгүй” гэсэн маш прагматик байр сууринаас хандаж байна. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху хэлэхдээ “миний хувьд, ИХАБ-ын шийдвэр нь илэрхийлж хэлж болохоор ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй” гэжээ.

Энэ удаагийн онц чуулганы шийдвэр нь зүүн Иерусалим бол Палестины нийслэл мөн гэж хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын тогтоолтой агуулгын хувьд төстэй байгаа юм. Түүнчлэн, 2002 онд Ливаны Бейрут хотноо хуралдсан Арабын улсуудын Лиг үүнтэй адилхан агуулга бүхий төгсгөлийн баримт бичиг гаргаж байсныг дурдах нь зүйтэй. Уг баримт бичигт дурдагдсан Лигийн санаачилгын зорилгыг тодруулбал, Израиль улс 1967 онд эзлэн авсан газар нутгаасаа гарч, Иордан голын Баруун эрэг, Газын зурваст Зүүн Иерусалим гэсэн нийслэлтэй Палестин улсыг хүлээн зөвшөөрснөөр Араб-Израилийн сөргөлдөөнийг зогсоож, бүх нийтийг хамарсан энх тайвныг тогтоох тухай асуудал юм. Тэгэхээр Истанбулын “онц чуулга уулзалт”-ын дараа зарчмын хувьд юу ч өөрчлөгдөхгүй гэж ажиглагчид үзэж байна.

Хамгийн гол нь, америкчууд Иерусалимын талаар Палестиныг илт үл тоомсорлосон шийдвэр гаргачихаад байгаа энэ үед Арабын орнууд таг дуугүй сууж болохгүй, юу ч болоогүй мэт царайлах нь жудаггүй хэрэг болох байсан учраас ИХАБ ийнхүү дуу хоолойгоо нэгтгэлээ.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ