Перу улсын Ерөнхийлөгч асан өршөөлөөр суллагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-25 13:32:00
 МОСКВА./ТАСС/. Хүний эрхийг зөрчсөн хэргээр 25 жилийн ял сонсоод байсан Перу улсын Ерөнхийлөгч асан Альберто Фухимори өршөөлөөр суллагдсан тухай тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба мэдэгджээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, эдгэршгүй хүнд өвчтэй бөгөөд шоронд амьсгал хураах эрсдэлтэй гэж эмч нарын зөвлөл мэдэгдсэн учир  ноён А.Фухимори тэргүүтэй найман хоригдолд  Перу улсын ерөнхийлөгч Педро Пабло Кучински өчигдөр өршөөл үзүүлсэн байна.

Өдгөө 79 настай А.Фухимори нь 1990-2000 онд  Перу улсын төрийн тэргүүний албыг хашиж байсан юм.  1991 оны 11 дүгээр сард Перугийн нийслэл Лима хотын Барриос-Альтос дүүрэгт болсон 15 хүний амь насыг хөнөөсөн хэрэг, мөн 1992 оны долдугаар сард Ла-Кантута их сургуулийн багш, оюутан нийлсэн есөн хүнийг хулгайлж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбоотой гэж үзсэнээр 2009 онд түүнд 25 жилийн хорих ял оноож байжээ. Тэрбээр Атэ дүүргийн Барбадильо шоронд найман жилийг өнгөрөөсөн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ