Зэрлэг ан амьтад ундаалах цөөрөм байгуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-04 10:33:19
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Таван толгой" ХК говь нутгийнхаа зэрлэг ан амьтадыг усгүйтэж харангадахаас хамгаалж хөв цөөрөм байгуулахаар болжээ.
52 жилийн түүхтэй Өмнөговь аймгийн “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Номгон, Баян-Овоогийн урд говь, Цогтцэций сумын Цэций хайрханы ойролцоо хээрийн ан амьтан ундаалах зориулалтаар худаг, усан сан, хөв цөөрөм, байгуулахаар боллоо. Мөн байгуулсан хөв цөөрмийнхөө дэргэд өвс, хужир тавих юм. Энэхүү ажлыг энэ сараас хийж эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Манай аймгийн нутаг дэвсгэрт аргаль, янгир, хар сүүлт, хулан зэрэг зэрлэг туруутан амьтад нутагладаг. Сүүлийн жилүүдэд говь нутагт цөлжилт, хур бороо, цас бага ордог зэрэг маш олон шалтгааны улмаас ан амьтан усгүйдэх, харангадах, ховордох аюултай тулгараад байгаа билээ. Тиймээс худаг, усан сан, хөв цөөрмийг олноор бий болгох нь зэрлэг ан амьтнаа хайрлан хамгаалах, тоо толгой буурахаас сэргийлж байгаа юм.
 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ