Хөгжлийн бодлого төлөвлөлт урт настай байхыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-19 13:26:32

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн боловсруулалтын чанарыг сайжруулах, тэдгээрийн хоорондын уялдаа болон хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм. 

Уг асуудлаарх Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын Байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг чуулганд танилцуулсны дараа гишүүд түүнтэй холбоотой асуулт тавьж саналаа илэрхийллээ. Тухайлбал Хөгжлийн бодлого нь Үндсэн хуулиар баталгаажсан, иргэд, эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгасан,  урт настай, тогтвортой, улс төрийн хүчнүүд хөгжлийн чиглэлийн баримт бичигт тулгуурлан өөрсдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж цаашид баримталж байх зэрэг санал хэлж байв. Мөн хөгжлийн бодлогын төлөвлөлтийг алдаагүй, үндэслэлтэй төлөвлөх, урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөлтийг хооронд нь уялдуулж зохицуулсан байх, энэ бодлого бусад хөгжлийн бодлоготой  нэгдмэл, цогц, залгамж чанараа хадгалсан байх, хөгжлийн бодлого нь санхүү, эдийн засгийн боломжид тулгуурласан, хэрэгжилтийг хангах эдийн засгийн болон хууль зүйн хөшүүрэгтэй байх зэрэг асуудлыг онцлон хэлж байв. 

Дараа нь гишүүд  Байнгын хороодоос гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулж,  хоёроос бусдыг нь дэмжлээ. Харин уг бодлого гарахтай зэрэгцэн Гадаадын зээл тусламжийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэн хуулийн төслийг нь буцаав. 
Ингээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай  болон холбогдох бусад хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ