Эрдэмтдийн боловсруулсан нанотехнологи нь хавдрыг илүү үр дүнтэй эмчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-15 16:07:20
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгосын хэсэг эрдэмтэн хавдрын өвчин анагаахад ашиглаж болох нано бүтцийг боловсруулсан тухай The Korea Herald сонин мэдээлсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, Ёнсе их сургууль болон эмэгтэйчүүдийн Ива их сургуулийн анагаах ухааны факультетийн эрдэм шинжилгээний ажилтнууд фталоцианинд суурилсан фотосенсибилизатор ба үрэвслийн эсрэг митоксантрон гэдэг нийлэг бодисыг хооронд нь нийлүүлжээ.
 
Фотосенсибилизатор гэдэг нь гэрлийг мэдрэх бие организмын мэдрэмтгий чанарыг нэмэгдүүлдэг байгалийн гаралтай болон зохиомлоор гарган авсан нийлэг бодис юм. Хоёр бодисыг нийлүүлснээр PcS-MA гэдэг нано бүтцийг гарган авсан байна. Лабораторийн нөхцөлд хулгана дээр уг бодисыг туршиж үзэхэд хавдрын эсүүдийн 80 гаруй хувь нь ажиллагаагүй болж байжээ.
 
Өмнөд Солонгосын эмч нарын үзэж байгаагаар, PcS-MA бол өнөөдөр хэрэглэж буй туяаны эмчилгээний сул талыг нөхөж чадах үр дүнтэй хэрэгсэл ажээ. Харин судлаачдын бүлгийн ахлагч нарын нэг болох Нам Ки Тэкийн ярьснаар, шинээр гарган авсан нано бүтэц нь хавдрыг эмчлэхэд үр дүнтэй эсэхийг нягтлахын тулд хэд хэдэн туршилт хийх хэрэгтэй байгаа гэнэ. 
 
Судалгааны дүнг ACS Nano сэтгүүлд нийтэлжээ.
 
Э. Аянзаяа
 
 


Холбоотой мэдээ