Өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж, Сүхбаатар аймгийн оноо хамгийн ихээр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-17 15:49:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/.2017 онд аймгуудын өрсөлдөх чадварын хэд, хэдэн үзүүлэлт буурчээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг  танилцууллаа.
 
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан хэлэхдээ, "Улс орныхоо хөгжлийг салбараар хэмжих жишиг рүү  явахад дэм болох үүднээс өрсөлдөх чадварын судалгааг бид 6 дахь жилдээ хийж байна. Өрсөлдөх чадвартай болох нь хөрөнгө мөнгөтэй байхын нэр биш. Энэ нь  агуулгын хувьд өөр зүйл. Дэлхийн орнууд маш олон үзүүлэлтээр хэмжиж байна. Энэ хэмжүүр дээрээ  дүгнэлт хийж юун дээр алдаж байгааг олж, тухайн алдаан дээр ажилладаг жишиг бий. Энэ удаад аймгуудыг 181 үзүүлэлтээр хэмжиж дүгнэлт хийлээ. Аймгуудын тайланг статистик мэдээлэл, санал асуулгад үндэслэн гаргасан” хэмээв.



Өрсөлдөх чадварын судалгааны гол зорилго нь аймгууд хөгжлийн давуу ба сул талаа тодорхойлж боломж, чадавхиа үнэлэн урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах боломжтой гэдгийг судалгааны багийнхан онцолсон юм.
Өнгөрсөн жил таван аймгийн эдийн засгийн үзүүлэлт үнийн дүнгээр өссөн бол 15 аймгийн эдийн засгийн үзүүлэлт буурчээ. Хамгийн дээд оноог Орхон аймаг авсан бөгөөд эдийн засаг нь 13.6 хувиар өссөн байна. Харин Өмнөговь аймгийн эдийн засгийн үзүүлэлт 0.7 хувиар буурчээ. Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдэхэд чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж сайжирсан гэх мэт үзүүлэлт нөлөөлсөн байна. Түүнчлэн аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 66 болж буурчээ. Өрсөлдөх чадварын ерөнхий дүнгээр баруун бүс хамгийн их буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үндсэн дөрвөн бүлгээс засаглалын үр ашгийн үзүүлэлт хамгийн ихээр буурчээ. Өөрөөр хэлбэл төр засагт итгэх итгэл буурч байгаагаар тайлбарлаж байна. Харин өрсөлдөх чадварын ерөнхий дүнгээр Дорнод аймаг оноогоо зургаагаар ахиулахад холбооны салбарын орлого, түгээлтийн сүлжээ, эдийн засгийн өсөлт, банкны салбарын активын өсөлт, чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Сүхбаатар аймаг болон Өмнөговь, Ховд аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан аж. Харин эмзэг байдлын индексээр Орхон аймаг агаарын бохирдол, ажилгүйдэл, гэр бүл салалтад анхаарах хэрэгтэй гэдэг нь дээрх судалгаагаар гарчээ. Баянхонгор аймгийн хувьд агаарын бохирдол их байгаа бол Баян-Өлгий аймаг ширгэсэн гол горхи их байна хэмээн гарчээ. Хөвсгөл аймгийн хувьд дундаж наслалт богино байгааг судлахад нэг эмчид ногдох хүний тоо их, эмнэлгийн хүртээмж муугаас гадна ундны усны чанар тааруу, биеийн тамираар хичээллэдэгүй зэрэг үзүүлэлт голлон нөлөөлснийг судлаачид тодотголоо.



ХБНГУ-ын Олон Улсын  хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др. Штефан Ханселманн хэлэхдээ, “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаар өрсөлдөх чадварыг илүү бүтээмж бий болгоход ашиглаж болох юм. Ажилтан бүрийн оруулж буй үр дүн болох бүтээмж нь эдийн засгийн бодит талуудын нэг хэсэг юм. Өрсөлдөх чадваргүй бол эдийн засгийн тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлт өндөр түвшинд хүрэх боломжгүй. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвар нь  улс төрийн мөчлөг Засгийн газрын хууль тогтоомжоос үл хамаарах ерөнхий  чиглүүлэгч болох юм” гэлээ. 



Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн орлогч Диана Фернандез, "Сүүлийн таван жилийн хугацаанд Азийн сангаас Монгол Улсын аймгуудын эдийн засгийн өөрчлөлтийг харуулсан судалгааны тайланг дэмжин санхүүжүүлсээр ирсэн. Өнгөрсөн жилүүдэд аймгууд дор бүрнээ өөрсдийн давуу талыг харуулж, өрсөлдөх чадвараа бататгахад анхаарч ажилласан нь сайшаалтай.Судалгаагаар аймгуудын өрсөлдөх чадвар засаглалын асуудал нэлээн суларсан дүр зураг гарлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд муудсан байгаа энэ үед тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шинэ санаа, хамтын ажиллагаа, сахилга бат шаардлагатай байна. Мөн аймгуудын хувьд тулгамдсан асуудлууд өмнөх жилийн нэгэн адилаар хэвээр байна. Банкны зээлийн хүүг бууруулах бизнес эрхлэгчидээ татвар, зээлийн бодлогоор дэмжих, төрийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна" гэлээ.

Б.Заяа
 

Холбоотой мэдээ