Монгол Улс 1.5 тэрбум хүртэл ам.долларын санхүүжилт босгох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-19 14:47:40

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж байна.


Үүний тулд "Газар-Ус-Мод" томьёоллоор тодорхой санаачилга боловсруулж байгаа. Монгол Улс тус хурлыг зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой. Тухайлбал, Энэтхэг Улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.долларын, хөрөнгө оруулалт босгосон бол Кот д’Ивуар Улс 2022 онд Африк тивийг ногооруулж, цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэй хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.доллар татжээ. Харин Саудын Арабын хаант Улс өнгөрсөн онд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэх түншлэл”-ийг олон улсад хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ.


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэнэ. Энэ хүрээнд хоёр болон олон талт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, үндэсний, орон нутгийн санаачилгыг дэмжиж, төсөл хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой. Байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулахаас гадна монголын эдийн засагт шууд, шууд бусаар нөлөөлнө гэж үзэж байгаа.


Цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг байгаль орчны асуудал, сорилт, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэхээр цуглах 190 гаруй орны 10 мянган төлөөлөгч Монголд байх зардлаа өөрсдөө хариуцдаг бөгөөд хурлыг бизнес аялал жуулчлалын хэлбэрт тооцож, Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийг дэмжих юм.


Монгол Улс 2026 оны наймдугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах боломжтой, аливаа конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулагч Засгийн газар, сонирхсон талууд санал, санаачилга танилцуулан батлуулах эрхтэй байдаг. Зөвхөн Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах нь дэлхийн эдийн засаг, хөрөнгийн урсгал, олон улсын байдлаас үүдэн эрсдэл ихтэй, хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай тул бүс нутаг, олон улсын хэмжээнд санаачилга боловсруулах замаар үр ашиг хүртэх боломжтой аж. Иймээс өөрийн орны нөхцөл байдлыг харгалзан чанарт чиглэсэн, санхүүжилт татах, хэрэгжилтийг хангах боломжтой хэмээн “STEPPE ACTION AGENDA” нэртэй олон улсын урт хугацааны стратегид суурилсан бэлчээрийн тэргүүлэх, ус ба газрын нэгдсэн менежментийн, байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга боловсруулжээ. 

Холбоотой мэдээ