Иргэний хөдөлгөөнүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-18 15:25:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Үндэсний хас хөдөлгөөн'', ''Эрс шинэчлэл хөдөлгөөн'', ''Шударга иргэдийн фронт'', ''Баялгийн жинхэнэ эзэд'' хөдөлгөөнүүд хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд Эрдэнэт үйлдвэрийн 51 болон 49 хувийн талаар нэгдсэн холбоо байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж буй талаар мэдээллээ. Шаардлагын хариуг энэ сарын 25-ны өдрийн дотор авах бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд ирэх хавар үндэсний хэмжээний жагсаал зохион байгуулна гэдгийг онцоллоо. Тэдний шаардлагад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг Монгол улсын нийт иргэдэд үр ашгийг нь шууд хүртдэг, борлогддоггүй хувьцаа хэлбэрээр хүртээх, 49 хувийг иргэдэд хүртээхтэй холбогдуулан компанийг өөрчлөх эрх, үүрэг бүхий субеьктыг 2018 оны 2 дугаар сарын 1-ний дотор иргэний хөдөлгөөнүүдийн төлөөллийг оролцуулан байгуулж, даруй ажлыг эхлүүлэхийг хүсчээ. Үндэсний хас хөдөлгөөний тэргүүн Ш.Нанжид, “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Засгийн газар  2017.04.04-нд 49 хувийг бүх ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олгоно гэсэн тогтоол гаргасан. Бид Засгийн газраас энэхүү тогтоолоо хэрэгжүүлэхийг шаардаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын индэр дээрээс сайд болохдоо “шударга ёсыг тогтоохын төлөө би үхлээс ч айхгүй” гэж хэлж байсан. Саяхан Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөхөөр шийдвэрлэсэн. Үүнд Монголын ард түмэн баярлаж байгаа. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар  нийт ард иргэддээ 10 хувийг нь хувьцаа болгож өгье гэлээ. Ийм учраас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Сүүлийн 20 жил олигархууд ард түмнээрээ тоглолоо. Тэд биднийг дандаа хуурч хулхидаж байна" гэв. "Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ий тэргүүн Д.Ганбаатар “Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь бүрхэг байна.  Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьж луйвар хийсэн хүмүүс хариуцлага хүлээгээгүй. Тиймээс Монголын ард түмэнд борлогддоггүй хувьцаа бий болгох гэж буйг анхааруулж байна. Монголын нийт баялгаас ард түмэн хувьцаа авах цаг ирнэ гэж ойлгож болно. Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тарааж өгснөөр энэ компанид ямар ч хохирол учрахгүй” гэв.

Ж.Батсайхан



 

Холбоотой мэдээ