Баянхонгорын нутаг дэвсгэр дулаан хүйтний хэлбэлзэл ихтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-18 20:41:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт жилийн дундаж температур нутгийн хойд хэсгээр 4-7 градус хүйтэн байхад төвийн хэсгээр тэг градус, өмнөд хэсэгт 3-9 хэмийн дулаан байдаг нь дулаан хүйтний хэлбэлзэл ихтэйг илтгэнэ. Уур амьсгалын энэ мэт мэдээлэл УЦУОША-аас гаргасан Баянхонгор аймгийн сүүлийн жилүүдийн уур амьсгалын тоймд оржээ.

Баянхонгор аймаг нь 116.0 мянган дөрвөлжин километр нутагтай, далай түвшнээс дээш 974-2435 метр хүртэл өндөр өргөгдсөн. Газар нутгийн хотгор гүдгэрийн ялгаа ихтэйгээс агаарын температур, хур тунадасны газар зүйн хуваарилалтад ихээхэн нөлөөлж бүс нутгийн хувьд жил, сарын температур, хур тунадас жигд биш байдаг аж.
Агаарын үнэмлэхүй бага температурын хуваарилалтаар нийт нутаг дэвсгэрт уур амьсгалын дунджаар  жилийн хамгийн хүйтэн мөч нэгдүгээр сард байдаг байна. Аймгийн хойд хэсгээр -39.4-аас -49.5 гадус, төв хэсэгт -35.1-ээс -39.9 градус, өмнөд хэсэгт -35.6-аас -44.1 градус хүртэл хүйтэрдэг. Гурванбулаг сумын нутгаар 2015 оны нэгдүгээр сард -49.5 хэм хүрч хүйтэрчээ. Харин аймгийн өмнөд  хэсэг нь Азийн хуурай, хуурайдуу говь цөлийн бүсэд багтдаг бөгөөд хамгийн халууны туйл болдог. Аймгийн нийт нутаг дэвсгэрт агаарын үнэмлэхүй их температур долдугаар сард тохиодог бөгөөд температур хуваарилалтаар нутгийн хойд хэсэг болон Алтай салбар ууланд орших хэсэгт 28.1-ээс 31.8 градус, төвийн  хэсэгт 31.0-ээс 36.6 градус өмнөд хэсэгт 38.8-аас 44.9 гадус дулаан байдаг ажээ. Шинэжинст сумын Эхийн гол өртөөнд долдугаар сард 44.9 хэм хүрсэн байна.
                                                                                                                                                  Б.Мөнхзул
Холбоотой мэдээ