Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-23 19:21:54
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Стрессгүй, спортлог хамт олон” аяны хүрээнд Гашуун сухайт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн санаачилгаар сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олонтой нөхөрсөг, уулзалт, тэмцээнийг зохион явууллаа.
Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс нь 27 хүний бүрэлдэхүүнтэй хилээр хориотой бараа бүтээгдэхүүн гаргахгүй байх, улсынхаа үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж буй хамт олон юм. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, даам, урлагийн төрлүүдээр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж нийлбэр дүнгээр  Гашуун сухайт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн баг түрүүлсэн байна. Хоёр байгууллагын хувьд нэг удаагийн уулзалт, тэмцээнийг зохион байгуулаад өнгөрөх биш цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцан бие биенээсээ туршлага солилцож, жил бүр 2 байгууллагаараа нийгмийн сайн сайхны төлөөх ажлыг зохион байгуулахаар болсон бөгөөд 2018 онд Хайрхан багийн төв дээр мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр боллоо. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ