Зүрхний хэм алдагдлыг эмчлэхэд зориулсан хиймэл оюун ухаан бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НОВОСИБИРСК. /ТАСС/. Академич Е.Н.Мешалкины нэрэмжит Анагаах ухааны үндэсний эрдэм шинжилгээний төв болон Израилийн “EP Dynamics” лабораторийн мэргэжилтнүүд зүрхний хэм алдагдлыг эмчлэх болон нарийн онош тогтоох зориулалттай хиймэл оюун ухаан бүтээлээ гэж тус төвийн эмнэлгийн эрдэм шинжилгээ, туршилтын ажил эрхэлсэн орлогч захирал, Зүрх судасны төвийн дарга Евгений Покушалов мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Зүрхний ажиллагааны талаар маш их хэмжээний өгөгдөл мэдээллээс үүдэн хиймэл оюун ухааныг бүтээх шаардлага гарсан. Эдгээр мэдээллийг компьютер боловсруулснаар хагалгааны явцад мэс засалчийн ажлыг засч залруулах болон хагалгааны үр дүнг 83%-иас илүү нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах боломжийг олгоно. Тус хиймэл оюун ухаан нь зүрхний өвчнийг үр дүнтэй эмчлэхэд тус болно. Цаашид энэ хиймэл оюун ухаан нь худалдаанд гарна” гэжээ.
Э. Аянзаяа