АН-ын бүлэг төсвийн хуулийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-29 14:47:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийв. Тус бүлэг эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд уг хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хэлэлцэх эрхгүй гэж үзжээ. Учир нь нэг намын эрх ашгийг хангасан хэмээн үзэж ийм байр суурьт хүрсэн байна. Мөн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцээд боловсруулалтын хувьд учир дутагдалтай, яаралтай байдлаар хэлэлцэх нь зохимжгүй гэж үзжээ. Үүний дараад БОАЖЯ-ны Био аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны мэдээллийг сонссон байна. Манай улс био аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөргүй байгааг гишүүд буруушаагаад БОАЖЯ, ЭМЯ, ХХААХҮЯ энэ асуудалд анхаарах хэрэгтэй хэмээн үзжээ.

Хурлын төгсгөлд төсвийн зарлагатай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулан байгуулсан байна. Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд 300 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашиныг ажлын хэрэгцээндээ худалдан авсан тухай мэдээлэл нийгэмд тарсан. Тиймээс ажлын хэсэг төсвийн хуулийн хэрэгжилт ямар түвшинд явааг судлах гэнэ. Түүнчлэн шинэ Засгийн газар өнгөрсөн 100 хоногийн хугацаанд амлалтаас амлалтын хооронд ажлаа явуулж ирсэн. Татварын асуудлаар АН-ын бүлэг шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөөгүй. Тиймээс шаардлагынхаа хариуг маргааш нэхнэ. Засгийн газар эдийн засаг сэхээнээс гарч энгийн тасагт шилжсэн хэмээн мэдэгдэж байгаа ч ард иргэдийн амьдрал сэхээнээс хэзээ гарах нь тодорхойгүй байна гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярилаа. 

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ