“Хөршийн хяналт” хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-31 20:45:43
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд “Хөршийн хяналт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа хэмт хэргийн тоо сүүлийн үед ихэсч байгаа төдийгүй  гэмт хэрэг үйлдэгдэхэд иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад хандаж мэдээлдэг иргэд цөөн байгаа гэж зохион байгуулагчид ярив.
Тиймээс тус сумын гуравдугаар багийн Залуус хорооллын 36 дугаар байрны оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоо болон багийн цагдаагийн ажилтнуудтайгаа хамтран нэгдсэн зохион байгуулалтад орж бүлэг үүсгэн орцны хонгил, цонх, хаалга, гудамж талбайг ээлжлэн хянаж, харилцан мэдээлэл солилцож, осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Сайн хөршийн холбоо үүсгэх, хөршөө танин мэдэх, аюулгүй, цэвэр эрүүл орчинд хамтдаа аж төрөх дээрх хөтөлбөрт хүүхдүүд нэгджээ. Одоо Сууц өмчлөгчдийн холбоо, цагдаа, ахмад настан, залуу үеийн төлөөлөл, дунд сургуулийн сурагчид зэрэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүлэг идэвхтэй ажиллаж буй.
Мөн хөтөлбөрийн хүрээнд Залуус хорооллын 36 дугаар байрыг бүрэн камержуулж, орцны хаалгыг тусгай кодтой болгохоор боллоо. Тэдний ажлыг Сайншанд сумын ЗДТГ болон багийн Ажлын алба дэмжиж зохион байгуулалтаар хангаж ажилладаг байна. “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-аар 2017 онд батлуулж байсан юм.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ