Нэгдсэн арга хэмжээний үеэр 700 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 14:44:01

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрөгч долоо хоногт замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэдэн зөрчил бүртгэгдсэнийг Цагдаагийн газраас тодруулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хоёр зөрчлийг  илрүүлснийг хэллээ.

Энэ бол шинэ хууль хэрэгжиж эхэлснээр зөрчил багассан гэсэн үг хараахан биш. Шинэ хуулийн дагалдах журмууд гараагүй учраас зарим зөрчилд хариуцлага тооцоогүй хэрэг гэдгийг тодотгож хэлсэн юм.

Дээрхи хоёр зөрчил гаргасан жолооч нарыг Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагт саатуулсан бөгөөд өнөөдрөөс хуулийн дагалдах журмыг хүлээн авч байгаа тул журмын дагуу эл үйлдэлд хариуцлага тооцох ажээ. 

Харин хууль хэрэгжиж эхлэхийн урьд Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг “Оюутан тээвэр”, “Шугам замын хяналт” нэгдсэн арга хэмжээг долоо хоногийн турш зохион байгуулсан байна. Энэ үеэр 700 гаруй зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 иргэнийг баривчлан, 3 жолоочийн эрхийг хасч, 690 гаруй хүнд торгуулийн арга хэмжээ ногдуулан, үзлэгт ороогүй 175 тээврийн хэрэгслийг нөхөн үзлэгт оруулж, зөрчилтэй явсан 220 жолоочийг торгон, 91 жолоочийг жолоочийн хариуцлагын даатгалд хамруулсан байна. Ингэж ажиллахдаа удахгүй хэрэгжиж эхлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинэ хуулийг таниулж, сурталчлан ажиллажээ.

Хууль таниулан сурталчлах ажлыг одоо ч үргэлжлүүлж байгаа. Орон нутгийн сонинд хууль нийтэлж, гудамж талбайд хуулийн шинэчлэгдсэн заалт бүхий мэдээллийн хуудсыг нааж байршуулаад байна гэж  Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас мэдээллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд